Нийгэм
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРМЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 39.2 хувийн биелэлттэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. БОАЖ-ын сайд Н.Уртнасан уг асуудлыг байгаль орчны салбарын нэн тулгамдсан асуудал гэж авч үзэн хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан журмыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлэв.
Журмыг шинэчлэн баталснаар хуульд заасан хувь хэмжээний дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг оновчтой төлөвлөх, орлогын зарцуулалтыг ил тод болгох, түүнд хяналт тавих боломж бүрдэх ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг болох юм.
Уг асуудлын хүрээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, 21 усны сав газрын захиргаад, 34 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл гэх мэт 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.
Хурлын чиглүүлэгчээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган ажиллаж Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцан хэрэгжүүлэх 49 арга хэмжээнд 2021-2024 оны хугацаанд нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Улс орны төсөв хүндрэлтэй байгаа энэ үед тодорхой төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого баримталж байгааг Л.Эрдэнэбулган хэлэлцүүлгийн эхэнд онцлоод, төслийн танилцуулгыг хийж нийт оролцогчидтой санал солилцов.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус, амьтан, байгалийн ургамал, ойн нөөц ашигласны болон газрын төлбөрийн орлогыг Төсвийн тухай, Татварын ерөнхий хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Эдгээр төлбөрийн орлогын 15-85 хувиас доошгүй хэсгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд хуваарилан зарцуулах харилцааг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-аар зохицуулдаг.
Төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого нь нэгдсэн дүнгээр 2012 онд 40 тэрбум байсан бол 2019 онд 94 тэрбум, 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч жилээс жилд өссөн байна. Гэвч үүнээс 40 хүрэхгүй хувийг нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардалд зарцуулжээ. Түүнчлэн зарим тохиолдолд төсвийн жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөнөөс давж биелдэг боловч эдгээр орлогыг байгаль хамгаалахад зарцуулдаггүй байдал орон нутагт нийтлэг байна.
Тухайлбал, 2019 онд орон нутгийн төсөвт орох байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг 76 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн боловч төсвийн гүйцэтгэлээр 26.5 тэрбум төгрөгийн орлого давж биелсэн ч энэ хөрөнгө мөн зориулалтын бусаар зарцуулагдсан байдаг.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр үйлчилж буй “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын шинэчлэн боловсруулсныг хуралд оролцогчид дэмжлээ.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.