Нийгэм
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГ ОСОЛДСОНЫ УЛМААС ҮҮССЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДЛЫН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Улаанбаатар төмөр замын харьяа ачааны галт тэрэг осолдож тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулаад байгаа. Осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км, Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт гарсан.
Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах нэн шаардлагатай анхан шатны арга хэмжээнүүдийг авч, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораториос сольц авагч, Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авч ажилласан.
Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуун тээвэрлэсэн байсан бөгөөд 2 вагоны түлш таллаж асгарч, вагон савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Гэмтсэн вагонуудаас 277,8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150,5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 29976 м2 буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ.
Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс нефтийн бүтээгдэхүүн 0.007 мг/л, эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн бүтээгдэхүүн илэрсэн байна.
Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандарт хэмжээнээс хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогдсон. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй.
Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, сорьц авагч нар, Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагч нартай мэдээлэл солилцон, тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах, Ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , Бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийж, нарийн мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах юм.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.