Нийгэм
ШАМБАЛА-2056 ТӨСЛИЙН БАГ БОАЖЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд Дорноговь аймагт ажиллаж, тус нутгийн нэн хүчтэй цөлжилт үүссэн хэсэгт 23000 мод тарьж ургуулаад байгаа Шамбала-2056 төслийн ажилтай танилцсан.
-27-30 насны 10-аад залуус нэгдэж уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сайн дурын 108 гишүүнтэй төслийн баг өнгөрсөн хугацаанд мод үржүүлэг, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дагнан ажилласан туршлагатай. Гялгар уутыг дахин боловсруулж, эко ариун цэврийн байгууламжид зориулсан хөрсөнд нэвчилтгүй 1-10 тонн багтаамжтай танк үйлдвэрлэдэг, мод үржүүлгийн газар ажиллуулж байгаа гэхчлэн “тогтвортой хөгжлийн бодлогыг лоозон бус үйл хэрэг болгох” уриатай залуусын нэгдлийг салбарын сайд онцгойлон анхаарч, дэмжин хамтран ажиллахаар боллоо.
-Төслийн багтай ойжуулалтын бодлого хөтөлбөрийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлд хамтран юм. Эхний ээлжид “Зүгээр бүү хая” нөлөөллийн аяныг дэмжин, хамтран ажиллана.
-“Өнгөрсөн хугацаанд найман аймагт албан томилолтоор ажиллаж, өрх бүрд мод тарих аяныг хэрэгжүүлж, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрүүдийн судалгааны талбайд ажилласан. Мод тарих нь хэдхэн цагийн ажил, харин ургуулах нь хэдэн жилийн ажил болж байгааг анхааралдаа авлаа. Иймд мод тарих бус, ургуулах аяныг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ Байгаль орчин аялал жуулчлалын сайд онцлоод залуусын орчин үедээ нийцсэн санал, санаачилга салбарын хөгжил хэрэгтэй.
Иймээс тэдний туршлага, мэдлэгийг дэмжин олон залуусын түүчээ болгон хамтран ажиллахаар болж төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Шижирбатыг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилж байгаагаа мэгдсэн юм.
-2021онд ойн нормативыг шинэчлэн баталж, зардлын үнэлгээг 2.5-5 дахин нэмэгдүүлсэн. Энэ нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, иргэн аж ахуй нэгжүүдэд чухал шийдвэр болсон. Шамбала-2056 төслийг цаашид тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад бодлогоор дэмжихээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан илэрхийллээ.
-“2021 онд арчилгаа усалгаатай 50000 мод тарьж, шороо шуурсан Монголын говийг модод шуугьсан төгөл болгож үлдээх” зорилгын хүрээнд хэцүү ч гэсэн шантралгүй урагшлах залуусын багийг дэмжин, хамтран ажиллахаар болсонд талархаж байгаагаа төслийн багийн ахлах, үүсгэн байгуулагч Б.Шижирбат илэрхийлээд, энэ хугацаандаа бодитоор үлдэх тоймтой ажил хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.