Нийгэм
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Бааст бурхны оронд заларчээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Бааст бурханы оронд заларчээ. Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ авах үедээ: “100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр” хэмээж байсан юм.
Б.Бааст нь монголын шинэ үеийн уран бүтээлчдэд үлгэр дуурайл болсон, XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ. Тэрбээр МЗЭ-ийн шагнал /1966/ – “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ – “Хангайн бор” тэргүүтэй холбоо туужаараа, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ хүртсэн юм.
Талийгаачийн ар гэрийнхэн, ах дүү төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.