Нийгэм
“ОЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Байгаль орчин аялал жуулчлалын яам Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд цахимаар болон биечлэн оролцож “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэхээр нэгдэн чуулж байна .
Салбар хуралдааныг дараах 4 сэдвийн хүрээнд 4 өдрийн турш 800 орчим хүний бүрэлдэхүүнтэй цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
11-р сарын 08-нд нэгдүгээр салбар хуралдаан “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд
11-р сарын 09-нд хоёрдугаар салбар хуралдаан “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд
11-р сарын 10-нд гуравдугаар салбар хуралдаан “Цөлжилт, газрын доройтол” сэдвийн хүрээнд
11-р сарын 11-нд дөрөвдүгээр салбар хуралдаан “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд тус, тус болно.
Монгол Улс сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Манай орны агаарын жилийн дундаж температур 2.4 градусаар дулаарч, өвлийн улирлын хур тунадас 20% орчим нэмэгдэж, зуны улирлын хур тунадас 7% орчим буурсны зэрэгцээ хур борооны шинж байдал өөрчлөгдсөн нь хөрсөнд чийг өгөхөөсөө илүүтэйгээр эвдрэл үүсэхэд нөлөөлж байгаа юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. 2020 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.
Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Энэ нь манай орны төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд онцгой ач холбогдолтой тул бусад орнуудын анхаарал тавин ажиглаж байна.
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг амжилттай хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын уялдаа, нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахаар ойн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагууд, гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллийг чиглэлийн дагуу салбар хуралдаанд оролцуулж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгана.
Монгол улсын ой модны салбарт эрх зүйн шинэчлэл хийх, ойн тогтвортой менежмент, гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тодорхой шийдвэрт хүрч бодлогот тусгах, санал, зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байна.
Байгалийн нөөц баялаг ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагаанд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн бодлогыг эрчимжүүлэхэд чиглэсэн салбар хоорондын оролцоо, уялдааг хангах, санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нэг хөшүүрэг юм. Энэ хүрээнд ойн үрийн аж ахуйн менежмент, тарьц суулгацын нөөц бүрдүүлэлт, байгаль орчин, ойн салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ойн салбарт хэрэгжүүлж байгаа технологи инновац, Монгол орны усны нөөц ашиглалт, усжуулах цэгүүд, Ногоон санхүүжилт, Агро-ойн аж ахуйг зэрэг асуудлуудыг цогцоор нь хэлэлцэх юм.
Салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмж, шийдлүүдийг 11-р сарын 15-нд Төрийн ордонд болох Үндсэн чуулганд танилцуулж харьяа яам болон холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлно.
Санаачлагч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
Ерөнхий зохион байгуулагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.