Нийгэм
Н.Уртнасан: Ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэн, ААН-д мөнгөн урамшуулал олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘’Ойн салбарын үндэсний чуулган’’, тодорхой чиглэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд өчигдөр “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт анхны салбар хуралдаан амжилттай болж өндөрлөсөн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Уртнасан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ: НҮБ-ын санаачилгаар 2012 оноос эхлэн олон улсын ойн өдрийг дэлхийн улс орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэж байна. Олон улсын ойн өдрийн анхны уриалга нь “Ой ба хүн” гэсэн сэдвийг хөндөж, ойн нөөц, баялгийн хомсдол, доройтол, уур амьсгалын дулаарал, ядуурал зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нэг арга зам нь тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоо нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, энэ уриалгыг дэлхийн улс орнууд талархан хүлээн авсан.
Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хүлээн авч, экоситемийн тулгуур хүчинзүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 онд 8.6% -д хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулж, ойг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг тогтмол үнэлнэ.
- Ойн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулан, ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Цөлжилтийг сааруулах элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сайн хууль тогтоомж; бүтэц, зохион байгуулалтын сайн тогтолцоо; иргэдийн оролцоотой хамтын менежмент; мониторингийн сайн тогтолцоо; олон талын мэдлэг чадвар-оролцооны асуудлууд нэн чухлаар тавигдаж байна.
Өнөөдөр манай улсын ойн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаарх ойлголт, хууль эрх орчин тодорхой бус зэрэг тулгамдаж байгаа шийдвэрлэх олон асуудал бий.
Энэ салбар хуралдаанаар дээрх асуудлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид асуудал, шийдэл дэвшүүлсэн илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Ойн салбарын мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид, тэргүүлэх мэргэжилтэн та бүхэн ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, эх орноо ойжуулахад идэвхтэй оролцож, мэргэжлийн санал, санаачилга, зөвлөмжөөр хангаж, нэгдсэн зохион байгуулалтад орж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.