Нийгэм
ВИНОД АХУЖА: Олон ажилд манлайлан оролцож байгаад тань талархалтай байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.
Ноён Винод Ахужа “Сайд таны салбартаа эхлүүлж буй ажил хэрэг, манлайллыг бид бахархан харж байгаа. Та зөвхөн ойн салбарыг онцгойлоогүй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт гээд бүх асуудалд цогцоор нь анхаарал хандуулан бодлого, шийдвэр, эрхзүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх гээд олон талаас нь харж ажиллаж байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэмжин цаашид илүү нягт хамтран ажиллах болно” хэмээлээ.
Уулзалтын хүрээнд үндсэн хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. 2022 оны эхний улиралд зохион байгуулах Ази Номхон далайн бүсийн Ойн чуулганыг хамтран зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тогтов. Мөн НҮБ-аас Хуурай газрын зохион байгуулалттай холбоотой төслийг 11 улсад хэрэгжүүлэх бөгөөд энэ төсөлтэй танилцан хамтран ажиллах саналаа ирүүлэхийг яамнаас хүслээ. Түүнчлэн Ойн доройтлыг бууруулах Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн санхүүжилтэд хамтран ажиллах талаар санал солилцов.
Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад оролцогч талуудын хүлээх, эрх үүрэг, оролцоог нарийн тодорхойлсон байх нь зүйтэй хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлов. НҮБ-ын Хүнс,хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр төдийгүй байгаль орчны салбарын олон төсөл хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллаж байдагт талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр, 2022 онд хамтран ажиллах чиглэлээ эрэмбэлбэл хамгийн эхэнд мод үржүүлгийн газруудыг дэмжих, техник хангамжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, улсын нөөцөд байгаа 9,2 сая тарьц суулгацыг 10 дахин нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын асуудалд манлайлан оролцож олон нийтийг уриалан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай эхлүүлсэн. Ард иргэд, аж ахуй нэгжүүд энэхүү хөдөлгөөнийг маш идэвхтэй дэмжиж байгааг онцолмоор байна. Энэ идэвхийг сааруулалгүй төр, хувийн хэвшлийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд бид ихээхэн анхаарч дэмжиж байгаа.
Эхний ээлжид уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүд 600 гаруй сая мод тарихаа батламжилсан. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар мөн тооны мод тарих үүрэг амлалт авсан. Үүний нэгэн адил олон улсын байгууллагууд ч тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн сайд тэмдэглэсэн юм.
Винод Ахужа Н.Уртнасан сайдтай санал нэгдэж байгаагаа илэрхийлээд илүү тодорхой мэдээлэлтэй ойрын хугацаанд эргэн уулзахаар тогтлоо.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.