Нийгэм
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ЦАХИМД ШИЛЖИЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас “Цахим Үндэстэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн олон үйлчилгээг цахимаар авах боломжийг иргэддээ олгож байна. Аялал жуулчлалын салбарт технологийн шилжилт эхэлсэн. Тухайлбал 2019 оны байдлаар нийт жуулчид, аялагчдын 76% нь онлайнаар аяллаа төлөвлөж, захиалга хийж, 51% нь онлайнаар төлбөр тооцоогоо хийснээс харж болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Айхотел ХХК хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “MyHotel – Аялал жуулчлал, байрших үйлчилгээний цахим шилжилт” сургагч багш бэлтгэх сургалтыг 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан зохион байгууллаа. Сургалтад мэргэжилтнүүдээс гадна аялал жуулчлалын холбоодын төлөөлөл нийт 42 хүн хамрагдаж сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
Сургалтын үеэр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат: Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” Ухаалаг засаглал зорилгын хүрээнд “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлснээр цахим засаглалын бодлого, хууль, эрх зүйн таатай орчин бүрдэж, олон улсын жишигт нийцсэн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болно. Мөн иргэн, төр, бизнесийн байгууллагуудын мэдээлэл солилцооны чанар сайжирч, өрсөлдөх чадвар дээшлэн, цахим засаглалын технологи олон улсын жишигт хүрч болохыг онцоллоо. Монгол Улс энэ оноос эхлэн цахим визийг олгож эхэлсэн. Энэ шилжилт нь аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд эргэн сэргэхэд чухал нөлөөтэй гэж салбарынхан харж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Цахим Үндэстэн” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлэх зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.
Төслийн зорилтод ажлын хүрээнд сургагч багш нар буюу аймгуудын аялал жуулчлалын мэргэжилтэн, холбоодын төлөөллөөр дамжуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 400 аж ахуй нэгжид цахим шилжилтийн нөлөөллийг ойлгуулж цахимд шилжих ажлыг зохион байгуулахаар тусгасан. Үүнээс 200 аж ахуйн нэгжид ирэх оны нэгдүгээр сард зөвлөх үйлчилгээ үзүүлэх төлөвлөөд байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.