Дэлхий дахинд
Украинд болж буй үйл явдлыг “цэргийн ажиллагаа” гэж нэрлэсэн Болгарын батлан хамгаалахын сайд огцорлоо
Болгар улсын батлан хамгаалахын сайд Стефан Янев саяхан сошиал хуудсандаа гаргасан мэдэгдэлд Украинд болж буй үйл явдлыг “цэргийн ажиллагаа” гэж нэрлээд албан тушаалаасаа огцорсон байна.
“Манай батлан хамгаалахын сайд ‘дайн’-ы оронд ‘ажиллагаа’ гэсэн үгийг ашиглах ёсгүй. Дайтагч талуудаас мянга мянган цэрэг амиа алдаад байхад үүнийг ‘ажиллагаа’ гэж нэрлэх нь буруу юм. Бид санал нийлэхгүй байгаа зүйлийнхээ талаар дуугүй өнгөрөх ёсгүй” гэж Болгар улсын ерөнхий сайд Кирил Петков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Түүний мэдээлснээр Болгарын эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч бүх нам Яневыг огцруулах асуудал дээр санал нэгдсэн байна.
Өнөөдөр буюу Мягмар гарагт парламентын ээлжит бус чуулганаар батлан хамгаалахын дараагийн сайдын томилгоог хэлэлцэхээр болжээ.
Болгар улс хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улсын үнэнч холбоотон, Варшавын гэрээний гишүүн орон байсан юм. Харин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа тус улс өрнөдийн холбоотон болоод байгаа.
Болгар улс 2004 онд NATO-д элсэж, 2007 онд Европын Холбооны гишүүн болж байжээ.
Софигийн эрх баригчид Украинд дайн эхэлсний дараа Оросын нисэх онгоцнуудыг агаарын орон зайдаа нэвтрэхийг хориглосон юм. Хариуд нь Москва ижил арга хэмжээ авч, Болгарын нисэх онгоцнуудад агаарын хилээ хаажээ.
Эх сурвалж: Reuters