Дэлхий дахинд
ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ШИЛЖИХ СУРГААР ХОНКОНГИЙН ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЛАНГУУ ХООСОРЧЭЭ
Дэлхийн ихэнх улс орнуудад цар тахлын эхэн үед тохиолдож байсан үйл явдлуудыг өнөөдөр Хонконгоос харж болохоор байна.
Хатуу хориг хязгаарлалтын үр дүнд коронавирусийн цар тахлыг амжилттай туулж байсан тус хот өнөөдөр халдварын томоохон давлагаанд нэрвэгдээд байгаа юм.
Даваа гарагт Хонконгт халдварын 34,466 тохиолдол шинээр нэмэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болжээ.
Хотын захиргаа энэ сард багтаан 7.4 сая оршин суугчаа шинжилгээнд хамруулах гэж байгаа ба оршин суугч тус бүрээс гурван удаа шинжилгээ авах юм.
Ингэхдээ хөл хорионы хатуу дэглэмд шилжиж болзошгүйг урьдчилан анхааруулжээ.
Үүний улмаас Хонконгийн иргэд хүнсний болон өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүрүүдийн лангуу хоосорсон байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр иргэдийг бөөнөөр шинжилгээнд хамруулах ажиллагаа гуравдугаар сарын 15-наас 21-ний хооронд үргэлжлэх гэнэ.
Эх сурвалж: South China Morning Post