Дэлхий дахинд
ОРОС-УКРАИНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ӨНӨӨДӨР БОЛОХ ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ
Орос-Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Лхагва гарагт болох тухай хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.
Эхний ээлжийн хэлэлцээ Даваа гарагт Беларусийн зүүн өмнөд хилийн Гомель хотод болж өнгөрсөн юм.
Украины Главком сайт яриа хэлэлцээний үеэр талууд ямар нөхцөл шаардлага харилцан тавьсан талаар мэдээлжээ.
Тухайлбал эвсэлд үл нэгдэх статусаа парламентын түвшинд баталгаажуулах, энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нөхцөлийг Оросын тал Украинд тавьсан гэнэ. Мөн Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг одоогийн хилийн шугамаар хүлээн зөвшөөрөх, Крымийн хойгийг буцааж авах санаагаа орхих шаардлагуудыг Украинд тавьсан гэжээ.
Харин Украины талаас гал зогсоох, газар нутгаас нь цэргээ гаргах шаардлагуудыг Оросын талд тавьсан тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: ТАСС, Главком