Дэлхий дахинд
BOEING ОРОСЫН ОНГОЦНУУДАД ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ
Агаарын хөлөг үйлдвэрлэгч Boeing компани Оросын агаарын хөлгүүдэд техникийн үйлчилгээ хийх, техникийн дэмжлэг үзүүлж, сэлбэг нийлүүлэхээ больж Москва дахь албан байрныхаа үндсэн ажиллагааг зогсоосон байна. “Бид оросын агаарын тээврийн компаниудад сэлбэг нийлүүлэх, үйлчилгээ хийх, техникийн дэмжлэг үзүүлэхээ зогсоож байна. Мөргөлдөөн үргэлжилсээр байгаа нөхцөлд манай баг тухайн бүс нутаг дахь ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна” гэж компанийн мэдэгдэлд дурдсаныг AFP агентлаг иш татжээ.
Boeing компани үүний өмнө Москва дахь сургалтын төв, Украины албан байрныхаа ажиллагааг түр хугацаагаар зогсоосноо мэдэгдсэн юм.
Канад улс Украины асуудлаар Олон улсын эрүүгийн шүүхэд хандана
Украины нөхцөл байдлын асуудлаар Канад улс Олон улсын эрүүгийн шүүхэд хандахаар болсноо тус улсын Гадаад хэргийн сайд хатагтай Мелани Жоли мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа.
“Украин руу өдөөн хатгаж, зөвтгөх ямар ч аргагүйгээр Украин руу халдан довтлохоо зогсоон, ухаалаг яриа хэлэлцээр эхлүүлэхийг бид Орост нэг бус удаа уриалж байсан. Хэдий тийм боловч энэ улсад аймшигт үйл явдал өрнөж байгаа нь ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгийг сануулж байна” гэж сайд хэлжээ.
Тэр бас “өөрийнхөө эх орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж байгаа” Украин улс, түүний ард иргэдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Канадын Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Христя Фриланд үүний өмнө Оттава ойрын өдрүүдэд Оросын эсрэг шинэ хориг тавина, магадгүй оросын бизнесмэнүүдийн активын эсрэг хязгаарлалт тавих байх гэж хэлж байсан юм.
Канад улс энэ хоёрдугаар сарын 24-нд оросын элитүүд болон тэдний гэр бүлийн 62 хүн, зарим байгууллагын эсрэг хориг тавьсан юм. Энэ хоригт ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сангийн сайд Антон Силуанов, Хуульзүйн сайд Константин Чуйченко нар багтжээ.