Нийгэм
Театрыг нийгмийн толь гэвэл театрын толь нь судлал шүүмжлэл шүү дээ
УДЭТ-ын захирал УГЗ, Буриад улсын СГА Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.
-Та Драмын театрын даргаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Өөрийнхөө түүхийг ярина гэдэг бараг л театрын түүхийг ярина гэсэн үг л дээ. Яагаад гэвэл миний энд ажиллаж амьдарсан сүүлийн 30 гаран жилийн түүхтэй холбоотой юм. УДЭТ бол манай орчин цагийн мэргэжлийн урлагийн анхдагч байгуулллага. Монгол Улсад мэргэжлийн театр байгуулагдсан нь “XX зууны эхэн үед Монголын нүүдэлчин ардын оюуны ертөнцөд шинэ соёлыг авчирсан түүхэн үйл явц болсон гэж судлаачид тэмдэглэсэн байдаг юм. Манай театр 1931 оны 11 дүгээр сарын 12-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 50 дугаар тогтоолоор байгуулагдсан түүхтэй. Ийм түүхэн байгууллагын соёл уламжлалыг залгамжлуулах үүргийг хүлээсэн 16 дахь дарга нь би юм.
-Та тэгэхээр ямар мэргэжилтэй гэсэн үг вэ?
-Би токарьчин, жүжигчин, эрхзүйч бас төрийн удирдлага, урлагийн менежентээр мэргэшсэн гэх үү дээ. Токарьчин мэргэжлээрээ 1978-1981 онд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн Засвар, механикийн заводод ажиллаж тэргүүний ажилчин гэсэн нэртэй сайшаал магтаал багагүй хүлээж явлаа. Ер нь тэгээд материал баялаг үйлдвэрлэхэд гар бие оролцож, бүтээж бий болгоно гэдэг чинь сайхан.
Сүүлийн үед хүн бүр л дээд боловсрол эзэмших гэж зүтгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажилчин хүн цөөрөөд байгаа юм уу даа гэж сэтгэл эмзэглэж явдаг. Бүгд дээд боловсрол эзэмшиж, улс орныг удирдаж хөгжинө гэж үгүй байх аа. Улс орон ард түмнийхээ наад захын хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэдэг байвал уг нь сайн сан.
-Токарьчин залуу хэрхэн урлагийн салбарт орсон түүхээсээ хуваалцана уу?
-Миний аав, ээж хоёр хоёулаа сайхан дуулдаг, экл хөгжмөө тоглож, бий биелгээ хийдэг ардын авьяастнууд, соёлын өвөө тээгч хүмүүс байж дээ. Тиймээс надад урлагийн сургуульд сурах, урлагийн хүн болох нууцхан хүсэл байсан юм байлгүй дээ. Уг нь манай Эрдэнэт үйлдвэр надад Политехникийн дээд сургуульд суралцах урилга өгчихсөн байсан үе. Гэтэл 1981 оны хавар Багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэлт авна гэсэн зарыг би олж хараад гүйж очоод шалгалт өгсөн, тэнцсэн. Бас ч гэж тухайн үедээ үйлдвэрийнхээ сайн дурын уран сайханч гэгдэж явсан, дуу хуур, урлагт дуртай байсан минь нөлөөлсөн байх. Ингээд хоёр сургуулийн урилгатай “мундаг” хүн чинь нэг их юм бодолгүйгээр жүжигчний мэргэжлээ сонгосон доо.
-Та жүжигчин мэргэжлээр төгссөн хэрнээ төгссөн цагаасаа эхлэн дарга хийж ээ дээ…?
-Хувь заяа маань театр урлагийн зарц байхаар зурагдсан юм байлгүй дээ. Оюутан байхаасаа л ангийн дарга, бусад сонгуульт ажлуудад оролцдог, нийгмийн идэвхтэй л байсан санагдана. 1985 онд сургуулиа төгсөхөд Баянхонгор аймгийн театрын даргаар шууд л томилчихсон. Хорин тавхан настай залуу ч байж, ажлын туршлагагүй болохоор их л айж эмээж байж билээ. 1988 оныг хүртэл Хонгор нутагт сайхан хамт олны дунд ажиллаад, эргээд бодоход залуу хүний хувьд аймаг орны удирдлага, ахмадууд, театрынхаа хамт олноос багагүй зүйлийг сурсан даа. За тэгээд өөрийнхөө хүсэлтээр хотод шилжиж иртэл соёлын яамнаас намайг УДЭТ-ын орлогч даргаар томилсон юм. Тэгээд энэ ажлаа 14 жил тасралтгүй хийж 2001 оноос өнөөг хүртэл захирлаар ажиллаж байна даа.
-Та жүжигчний мэргэжлээрээ ажиллаагүй юм байна. Өөрийгөө тэр дүрд тоглосон бол тиймэрхүү дүр бүтээнэ дээ гэдэг ч юм уу төсөөлөл байдаг уу?
-Театрын уран бүтээл, өдөр тутмын ажил амьдралд захирал оролцохгүй байна гэж байдаггүй. Сүүлийн 30 гаруй жилд тооны хувьд манай хамт олон 100 хол давсан бүтээлийг шинээр тайзны уран бүтээл болгосон байх жишээтэй. Тиймээс өөрийгөө ямар нэгэн жүжиг, кинонд тоглох байсан юм гэж бодож байгаагүй, харамсах зүйл ч огт байхгүй дээ. Магадгүй хүнд өөрт нь оногдсон хувь заяа, биелүүлэх ёстой үүрэг гэж байдаг байх.
-Хоёр нийгмийн шилжилтийн үед та театрын удирдлага байжээ. Танд ямар байв, та бүхэн хэрхэн туулж гарсан бэ?
-Тийм шүү, эргээд бодоход сэтгэл эмзэглэмээр хэцүү хүнд бэрх үеийг бид туулсан шүү. Юуг нь нуух вэ. Нийгэм гэнэт солигдоно гэсэн бэлтгэл бидэнд байгаагүй учраас сууж явсан завьтайгаа бид тэр чигтээ далай руу шидэгдсэн юм. Живэх нь живсэн, амьд гарах нь гарсан. Харин театрын хувьд ямартаа ч хаалгаа арай бариагүй, тэмцсээр тэлчилсээр амьд үлдэж чадсан юм. Мэдээж нэлээд золиос төлсөн. Монголын театрын урлаг өмнөх нийгэмд хөгжлийн тодорхой төвшинд хүрсэн байсан. Гэтэл тэр хөгжлийг тээж явсан хүмүүс тарж бутарч, тайзаа орхиж, өөрийн гэсэн үзэгчтэй, өөрийн гэсэн урын сантай байсан газар эрэмдэг зэрэмдэг юм шиг болж үлдсэн шүү дээ. Хөгжлийнхөө хүрсэн төвшнөөсөө ухрах нь харамсалтай л хэрэг байдаг юм билээ. Суурь сайтай тулдаа тэгээсээ дахиад эхэлсэн, чадсан, боссон. Тэр үед манай театрын хамт олон орших уу, эс орших уу гэдэг дээрээ тулж хурал хүртэл хийж байлаа шүү дээ. Үлдсэн хэдэн хүн маань өглөө бүхэн ажилдаа ирсээр, ажилласаар байсан юм. Одоогийн хувийн театрууд, продакшнуудын эхлэл тэгэхэд мөн тавигдсан. Театр тарж задарсан юм шиг боловч эргээд харахад өнөөдрийн олон салаа мөчрөө ургуулсан байгаа нь сайхан санагддаг.
“Сүүлийн 30 гаруй жилд тооны хувьд манай хамт олон 100 хол давсан бүтээлийг шинээр тайзны уран бүтээл болгосон байх жишээтэй. Тиймээс өөрийгөө ямар нэгэн жүжиг, кинонд тоглох байсан юм гэж бодож байгаагүй, харамсах зүйл ч огт байхгүй дээ. Магадгүй хүнд өөрт нь оногдсон хувь заяа, биелүүлэх ёстой үүрэг гэж байдаг байх”
1990-ээд оны үед бас дарга нарыг огцруулдаг, халдаг мода дэлгэрч билээ. Ингээд 30 гаруй жил театрыг удирдаж байсан А.Таяа даргыг маань халчихдаг юм байна. Харин оронд нь Г.Доржсамбуу багш дарга болж ирлээ. Бид ёстой эрвийх дэрвийхээрээ ажиллаж, байгаа нөөц боломжоо ашиглаж ер нь амиа аргацааж л байсан. Жүжиг хийх мөнгөгүй, ирэх үзэгчгүй болчихсон байсан үе л дээ. Хөрөнгө санхүүгийн хэрэгцээ шаардлага их байсан учраас бусдаас их л дэмжлэг, туслалцаа авдаг байсан. Энэ хэцүү үе бараг 10 жил үргэлжилсэн юм шүү. Ингээд 2001 оноос театр сэргэж эхэлсэн. Ганзаганд явсан зарим жүжигчид маань амьдралаа дээшлүүлээд буцаж ирсэн, нийгэм хүмүүсийн амьдрал ч арай өөр болсон.
-Тухайн үед урлагийн менежерээр боловсон хүчин бэлддэггүй, продюссер ч гэж байсангүй. Харин та сэргэлтийн үеэс л эдгээр ажлуудыг хийж ирсэн санагдлаа?
-Магадгүй л юм байна. Хуучин нийгмийн үед бид менежерийн ажил хийгээд байна гэдгээ сайн мэддэггүй л байж. Энэ нь тусдаа удирдахуйн шинжлэх ухаан байсныг хожуу ч гэсэн ойлгоод Удирдлагын акамдемийн шат шатны сургалтуудад удирдлагын баг хамт олноороо суралцсан. Бас өмнөх удирдлагууд гэж мундаг багш нар байлаа шүү дээ. Товчхондоо тэднээсээ их зүйл сурсан нь бидэнд маш том дэвшил болсон. Намайг голохгүйгээр өдий болтол итгэл хүлээлгэж ирсэн хамт олондоо үргэлж талархдаг. Ер нь тэгээд манай салбарт урлагийн сайн менежерүүд одоо ч гэсэн дутагдалтай л байна. Дарга гэдэг бол сайн менежер төдийгүй хамт олныхоо манлайлагч нь байх ёстой юм шүү дээ.
-Урлагийн байгууллагад ч мөнгө санхүү чухал. Бас хэнээс ч хараат бус сайн уран бүтээл хийх хэрэгтэй. Энэ хоёрын тунг хэрхэн тааруулдаг вэ?
-Манай театрын хөгжлийн гол түлхүүр нь маркетинг, менежмент, урын сангийн зөв оновчтой бодлогод суурилж урт болон дунд хугацааны хөтөлбөр төлөвлөхөөс эхлээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Дэлхийн театрын урлагийн хөгжлөөс ч бид байнга суралцдаг.
-Урлагийнхны сэтгэлгээ өвөрмөц, зан араншин өөр өөр. Ийм хүмүүсийг нэг багт удирдах хэцүү гэдэг юм билээ. Таны ажлын арга барил юу вэ?
-Амар гэж хэлэхгүй ээ, ийм хүмүүстэй ажиллах бас сайхан шүү дээ. Ялангуяа манай уран бүтээлчид хүн бүр өөр өөрийн гэсэн цоож, түлхүүртэй байдаг юм даа. Тэгэхээр тухайн хүнд нь таарах түлхүүрийг нь л олох хэрэг гарна даа. (инээв)
-Та тэгвэл олон түлхүүрийн эзэн байх нь. Хамт олныг нэгтгэх, зохион байгуулахдаа ямар зарчмыг гол болгодог вэ?
-Тэгэлгүй яахав. Ажил алба гэхээсээ илүү хүнийг хүнийх нь хувьд таних, ойлголцох нь чухал. Эхлээд өөрийгөө чагна, дараа нь бусдыг тань гэдэг зарчмаар л ажилладаг. Би ер нь хамтын шийдвэр гаргахыг илүүд үздэг. Олон хүний санаа бодлыг тусгасан шийдвэр олны эрх ашигт илүү нийцнэ. Ер нь аливаа ажлыг хийхээс өмнө тооцоо судалгаа сайн хийж, зөв төлөвлөлт, оновчтой сонголт хийх нь чухал байдаг. Удирдагч хүн бусдын жаргал зовлонг сонсож өөрт тохиолдсон юм шиг л мэдэрч, ойлгож байх нь чухал шүү дээ.
-Та уран бүтээлдээ хэрхэн оролцдог вэ?
-Миний оролцоо гэхээс илүү манай театрын уран бүтээлийн өдөр тутмын ажлыг хариуцдаг удирдлагын баг, уран сайхны зөвлөлдөө итгэл хүлээлгэж өндөр шаардлага тавьж ажилладаг. Яагаад гэвэл хүнд оюуны талх өгнө гэдэг маш хариуцлагатай ажил. Тийм учраас үзэгчдийнхээ эрх ашгийн үүднээс бид уран бүтээлийн чанарт мэргэжлийн өндөр цензур тавьдаг. Энэ ажил уран бүтээл сонгохоос л эхэлнэ дээ.
-Театр үзэгчдэд хүрсэн бүтээлдээ үнэлэлт дүгнэлт авах өөрөөр хэлбэл шүүмжлэлийн талаар ярина уу?
-Театрыг нийгмийн толь гэвэл театрын толь нь судлал шүүмжлэл шүү дээ. Энэ цаг үед театрын урлагийн хөгжилд судлал шүүмжлэл ус, агаар шиг л хэрэгтэй байна. Яагаад гэвэл манай улс харьцангуй цөөн судлаач шүүмжлэгчтэй. Гэхдээ манайх үзэгчдийн судалгаа явуулж судлаач шүүмжлэгчдийн үгэнд чих тавьдаг талаараа шинэлэг хамт олон.
-Шинэ боловсон хүчнээ ямар шалгуураар сонгодог вэ?
-Манай театрын босго өндөр байхгүй бол болохгүй. Театрт ажиллах шинэ залуу боловсон хүчний бүхий л ур чадварыг харж сонгодог. 2006 оноос бид “Театр-студи” байгуулан ажиллаж байна. Манай студид жүжигчний мэргэжлийн сургууль төгссөн хүүхдүүдээс шалгалт аван элсүүлж, нэгээс хоёр жилийн хугацаанд дадлагажуулж дахин шалгалт авч байж л ажиллах эрхийг олгодог дүрэм журамтай.
-Та театрынхаа хамт олны цалин хангамж, нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ?
-Манай уран бүтээлчид орон байр, нийгмийн асуудалдаа санаа зовохооргүй цалин хангамж сайтай байх ёстой. Сүүлийн жилүүдэд театрын удирдлага энэ асуудалд онцгой анхаарч Театр-Орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Нийт 30 гаруй хүн энэ хөтөлбөртөө хамруулсан. Хууль, дүрэм журмын хүрээнд ажлын ачаалал, гүйцэтгэл үр дүнгээр нь нэмэгдэл урамшил олгож байгаа.
-Танай театрын уран бүтээлчид 2019 онд шинээр ямар бүтээлүүд хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай театрын хамт олон энэ жил олон сайхан ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал хоёроос гурван шинэ уран бүтээл хийж үзэгчдэдээ бэлэг барихаар бэлтгэж байна. Эхний шинэ уран бүтээл болох зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” жүжгийг хоёрдугаар сарын сүүлээр нээхээр бэлтгэл ажлаа эхлээд явж байна. Тус жүжгийг манай театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа юм. Манай театрын уран бүтээлийн томоохон хэсэг нь хүүхэд залуустаа зориулсан уран бүтээлийг туурвих байдаг. Энэ хүрээндээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарч “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр шинэ уран бүтээлийн бэлэг барина. Мөн намар үзвэрийн улирлын нээлтээр нэг томоохон уран бүтээлээ нээхээр ажиллаж байна. Театраас зохион байгуулж энэ онд эх зохиогч нарын дунд зохиолын уралдаан явуулна. Үүнд зохиолч, найруулагч, зураач зэрэг хүссэн уран бүтээлчид нээлттэй оролцох боломжтой. Үзэгчдийн талархлыг хүлээсэн уламжлалт тоглолтууд болох “Сонгодог жүжгийн өдрүүд”, “Түүхэн жүжгийн өдрүүд”, “Инээдмийн жүжгийн өдрүүд” болон 2-3 аймагт “УДЭТеатрын өдрүүд” аялан тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөж байна.
А.МӨНХЖИН
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна