Дэлхий дахинд
ЗЕЛЕНСКИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИНЭ ШАТАНД ОРОХЫГ ОРОСТ УРИАЛАВ
Нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд хэлэлцээрийн шинэ шатанд орохыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дүрс бичлэгээр илгээсэн илгээлтдээ Оросын талд уриалсан байна. Үүнийг нь ерөнхийлөгчийн Telegram сувагт нийтэлжээ.
“Дайныг дуусгах хэрэгтэй байна, хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй байна, гэхдээ шударга, ажил хэрэгч, хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн баймаар байна” гэж тэр мэдэгдсэн байна.
Зеленский үүний өмнө Европын холбооноос Оросын эсрэг “хатуу хориг тавихыг хүлээж байна” гэж мэдэгдэж байсан. Тэр бас Оросын нефть, байгалийн хий, нүүрс импортлохыг хориглосон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд талархал илэрхийлээд бусад орнуудыг ч америкийн жишээг дагахыг тэр уриалжээ.
Орос, Украины хэлэлцээрийн гуравдахь шат гуравдугаар сарын 7-нд Беловежийн ойд болсон юм. Энэ яриа хэлээлцээрээр дорвитой ахиц гараагүй хэмээн Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгдсэн байна.
АНУ, ОРОСЫН НЕФТЬ, БАЙГАЛИЙН ХИЙ АВАХЫГ ХОРИГЛОЛОО
Оросын нефть, байгалийн хийг АНУ-д импортлохыг америкийн Ерөнхийлөгч Жо Байден хориглож байгаагаа зарлалаа. Жо Байден энэ үеэрээ Европ дахь холбоотнууд нь энэ хоригт нэгдэхгүй байж болно, бид үүнийг ойлгож байна гэжээ.
“Энэ хориг нь АНУ-д өөрт минь цохилт болно, гэхдээ ийм алхам хийх ёстой хэмээн Вашингтон үзэж байна гэж америкийн тэргүүн хэлжээ. Оросоос эрчим хүч авдаг Европ дахь холбоотнууд маань энэ хоригт нэгдэж чадахгүй гэдгийг АНУ ойлгож байна” гэж тэр онцолсон байна.
Шатахууны үнэ нэмэгдэнэ, шатахуун түгээгүүрийн газарт очсон америкчууд үүнийг мэдэрнэ гээд нефтийн компаниудад үнэ өсөхөд оролцохгүй байхыг уриалжээ.