Дэлхий дахинд
Газрын тосны үнэ, нийлүүлэлтэд илүү цочир асуудлууд ч үүсэж болзошгүй
ОХУ-Украины хооронд өрнөж буй үйл явцтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр өсөлттэй байна. ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагааны хариуд АНУ, Их Британи улсууд тус улсаас авах газрын тос, байгалийн хийн импортдоо хориг тавих шийдвэр гаргаснаа энэ сарын 8-нд зарласны дараа дэлхийн зах зээл дээр Брент төрлийн түүхий тосны үнэ баррель тутамд 133 ам.доллар болсон юм. Энэ бол шинжээчдийн таамаглалаас хол давсан өсөлт юм.
ОХУ, Украины асуудал хурцдахаас өмнөх “Голдман Сакс”-ын судалгаагаар Брент төрлийн газрын тосны үнэ энэ оны эхний улиралд 90 ам.доллар, хоёрдугаар улиралд 95 ам.доллар, 3,4 дүгээр улиралд 100 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гарч байв. Харин одоо улс орнуудын хооронд үүссэн асуудал хийгээд ОХУ-ын эсрэг хориг болон тус улсын өөрийн зүгээс авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэж буй, эсрэг тэсрэг хоригуудтай холбоотойгоор газрын тосны үнэ, нийлүүлэлтэд илүү цочир асуудлууд ч үүсэж болзошгүй байгаа юм.
Энэ удаад үүсээд буй нөхцөл байдлыг аваад үзэхээр, хоёр улсын хооронд үүссэн нөхцөл байдал зөөлрөх эсэх болон хориг тавьсан улс орнуудын эдийн засагт өөрсдийнх нь шийдвэрээс хамааран ямар асуудал үүсэх вэ гэдгээс хамааран ээлжит шийдвэрүүд гарах магадлалтай. Түүнчлэн ОХУ-ын газрын тосны нийлүүлэлттэй холбоотой шинэ нөхцөл байдал үүсэхээс хамааран манайд нийлүүлэх газрын тосны үнийн түвшинд ирэх саруудад өөрчлөлт гарах уу, эсвэл зах зээлийн зарчим хэвийн мөрдөгдөж, Сингапурын биржийн сар тутмын үнээр худалдаж авч, үнийн түвшний өндөр өсөлтийн нөлөөллийг нуруун дээрээ үүрэх үү гэхчлэн сорилт дагуулсан асуултуудын хариулт хүлээж байгаа.
Тэгэхээр ийм онцгой нөхцөл байдалд УУХҮ-ны сайд, дэд сайд нар “Роснефть”-тэй нүүр тулсан уулзалт хийж, гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн есдүгээр сарын уулзалтын үр дүнд шатахууны нөөц, хангамжид ноцтой асуудал үүсэхгүй байхаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээллийг тухайн үед албаныхан ч, импортлогчид ч өгцгөөж байсан. Тэгвэл одоогийн нөхцөл байдалд ОХУ-аас дээр дурдсан нэр бүхий улс орнууд газрын тосны бүтээгдэхүүн авахгүй байх шийдвэр гарч байна. Нөгөө талаас тус улс онцгой цаг үе учраас дотоодын нийлүүлэлтдээ анхаарах нь дамжиггүй. Гэхдээ ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнийн экспорт болоод дотоодын эрэлттэй холбоотой асуудал үүслээ үүслээ гэхэд Монгол Улс бол тэдний хувьд газрын тосны бүтээгдэхүүний экспортод 1.2 хувийг л эзэлж буйг тодотгоё. Эсрэгээрээ манай улсын импортод ОХУ-аас авдаг шатах тослох материалын импорт 85 хувийг бүрдүүлж байгаа. Нэг ёсондоо бидний хувьд шүдний өвчин болсон шатахууны импортын хэт хамаарал ОХУ-ын хувьд жижиг асуудал юм.
Сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сарын их хомсдолын дараа буюу 2021 оны аравдугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар, шатахууны нөөцийн асуудлыг авч хэлэлцэж, дахин ингэж улсаараа түлшний хомсдолтой нүүр тулахгүйн тулд импортлогч аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөц тогтмол бүрдүүлж байхыг даалгасан. Тодруулбал, “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг баталсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд шатахууны төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцсон юм. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээллээр, энэ сарын 4-ний өдрийн байдлаар манай улс АИ-92 автобензиний 38 хоног, АИ-95 30 хоног, А-80 автобензиний 72 хоног, дизелийн түлшний 38 хоногийн нөөцтэй байна. Улс орнуудын хооронд үүссэн асуудал илүү ужиграх магадлал нэмэгдэх тусам манай тухайд шатахууны нөөцөө одоогийн байгаа хэмжээнээс бууруулахгүй байх шаардлага үүсэх юм.
Гадаад зах зээл дэх үнийн нөлөөллийг нэг сарын дараачаас мэдэрч эхэлдэг манай тухайд импортлогч компаниуд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт дотоодын нөөц бүрдүүлэлтэд эрсдэл үүсгэж, хөрөнгийн дутагдал үүсгэж байна гэдэг үндэслэлээр Төв банкнаас авч буй репо санхүүжилтээ нэмэгдүүлэх хүсэлтийг тавиад буй. Монголбанкны зүгээс шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2020 оноос хойш олгож буй репо санхүүжилтээ нэмэгдүүлэхэд бэлэн бөгөөд үүний хариуд ирэх долдугаар сар хүртэлх хугацаанд түлшний үнийг нэмэхгүй байх хүсэлтийг тавьснаа мэдэгдсэн билээ.