Дэлхий дахинд
Путины супер зэвсгүүд
Путины саяхан танилцуулсан тавдахь үеийн тив алсгалах цөмийн пуужин Сармат буюу Сатан-2 бол хоёрзуун тоннын жинтэй, 35 метр урт, секундэд 7 км хурдтай, алсын тусгал 18000 км, шингэн түлштэй олон шатлалт хөдөлгүүртэй, 10-15 цөмийн цэнэгт байлдааны хошуутай, мөн Авангард пуужингийн системийн удирдлагатай гурван байлдааны блокыг сансарт тээх чадалтай.
Сармат нь хурдаар төдийгүй өндөр маневраар хойд өмнөд туйлаар дамжин Америкийн агаараас хамгаалагдаагүй хэсгээр нь нэвтрэн орж цөмийн цохилт өгөх зориулалттай.
Оросын пуужингууд хилээсээ 1000 км дотогш нутгийн гүнд газар дор уурхайд байрлаж харвах цөмийн суурин концепитэй байдаг бол америкууд стратегийн бөмбөгдөгч дээр төвлөрсөн нүүдлийн цөмийн концепитэй улс бөгөөд 2025 он гэхэд америкууд бөмбөгдөгч В2-оо халж 100 гаруй В3 буюу В21 стратегийн бөмбөгдөгчтэй болохоор төлөвлөж байна.
Путины танилцуулсан хоёр дахь супер зэвсэг бол тийрэлтэт онгоц Миг-31 дээр суурилагдан байндаа дөхөж очоод 2000 км зайнаас онгоцноос харвагдах Кинжал нэрт цөмийн далавчит пуужин бөгөөд Оросын арми Өмнөдийн цэргийн тойргийнхоо зэвсэглэлд оруулж эхлээд байна.
Путины танилцуулсан гурав дахь супер зэвсэг бол усан доогуур явагч цөмийн торпед бөгөөд атомын шумбагч завин дээр суурилагдан байндаа дөхөж очоод усан доогуур харвагддаг, алсаас бус өөрийн гэсэн удирдлагатай, хурд болон алсын зайгаа нэмэгдүүлэх зорилгоор өөрийн гэсэн жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй тул хязгааргүй орон зайд аялаж америкийн онгоц тээвэрлэгч, эргийн хотуудад цохилт өгөх үндсэн үүрэгтэй. Байндаа дөхөж очоод ч дэлбэрэхэд тэр хавийг нэлэнхүйд нь устгах чадалтай.
Путины танилцуулсан дөрөвдахь супер зэвсэг бол дуунаас хорь дахин хурдтай, сансар огторгуйд гараад дайсны орой дээрээс сансраас яах ийхийн зуургүй цохилт өгөх Авангард хэмээх тив хоорондын удирдлагат пуужингийн блок бөгөөд Сарматыг сансарт ашиглах нэг хувилбар нь юм.
Путины танилцуулсан тавдахь супер зэвсэг бол Лазерийн зэвсэг бөгөөд энэ нь ихэвчлэн агаарын довтолгооны хэрэгслэл, хиймэл дагуулыг устгах, радио-электрон тэмцэлд хэрэглэдэг бөгөөд Оросод дөнгөж эхлэл төдий бол Америкийн зэвсэглэлд 2014 оноос орсон.
Путины танилцуулсан зургаа дахь супер зэвсэг нь хязгааргүй орон зайд аялах жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй цөмийн зэвсэгтэй далавчит пуужин бөгөөд энэ нь дайсны агаарын довтолгооноос хамгаалах системд баригдалгүй газрын гадаргуу хөндий уулын ам хавцлаар радарт харагдалгүй өндөр маневр хурдтайгаар туулан дэлхийн аль ч газар орон зайд цөмийн цохилт өгөх чадалтай. Иймэрхүү агаарт болон усан доогуур явагч цөмийн хөдөлгүүрт пуужингийн технологиор Америк Оросоос арван жилээр хоцорч байна.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт