Дэлхий дахинд
Дэлхийн хамгийн их зэвсэг нийлүүлэгч орныг SIPRI нэрлэлээ
Дэлхийн тулгамдсан асуудал судлагч Стокгольмын олон улсын хүрээлэн / SIPRI / 2017-2021 оны хооронд манай гараг дээрх зэвсгийн худалдааны нөхцөл байдлын илтгэлээ гуравдугаар сарын 14-ний даваа гарагт нийтэлсэн байна.
Манай гараг дээр зэвсгийн үндсэн экспортлогчоор АНУ, ОХУ хоёр хэвээр байгаа ч оросын зэвсгийн худалдаа өмнөх таван жилийнхээс 26 хувиар буурсан гэж энд тэмдэглэжээ.
Ер нь дэлхий нийтийн зэвсгийн худалдаа 2012-2016 оны дүнтэй харьцуулахад 4,6 хувиар буурсан гэнэ. Гэхдээ Европ, Дорнод Ази, Далайн орнуудын зэвсгийн импорт өсчээ. Европын худалдан авдаг зэвсэг 19, Дорнод Азийнх 20, Далайн орнуудынх 59 хувиар өсчээ. Үүнтэй зэрэгцээд АНУ, Францын зэвсгийн экспорт өссөн байна.
ОХУ-ын хувьд 2017-2022 онд дэлхий дахины зэвсгийн наймааны 19 хувийг эзэлж АНУ-ын дараа хоёрдугаарт орж байна. Энэ таван жилд оросын зэвсгийн экспорт 26 хувиар унасан нь Энэтхэг, Вьетнамд зэвсэг нийлүүлэхээ хорогдуулсантай холбоотой. Энэ таван жилд Орос дэлхийн 45 оронд зэвсэг нийлүүлсэн байна. Гол худалдан авагч нь Энэтхэг, Египет, Алжир, Хятад улсууд болж нийт худалдааны 73 хувийг авчээ.
Америкийн зэвсгийн экспорт энэ таван жилд өмнөх 2012-2016 онтой харьцуулахад 14 хувиар өсч, дэлхийн нийт худалдааны 32 хувийг эзэлдэг байсан бол энэ таван жилд 39 хувь болж өссөн байна. Америкийн зэвсэг худалдан аваагч гол бүс нь Ойрхи Дорнод, ялангуяа Саудын Араб.
Францын хувьд өнгөрсөн таван жилд дэлхийн нийт зэвсгийн худалдааны 11 хувийг хийж жагсаалтын гуравдугаарт оржээ. Францын зэвсгийн худалдаа өмнөх таван жилийнхээс 59 хувь өссөн байна.
Жагсаалтын дөрөвт Хятад, тавд Герман улс оржээ. Хятадын зэвсгийн экспорт энэ таван жилд өмнөх таван жилийг бодвол 31 хувиар буурсан бол Германы нийлүүлэлт 19 хувь буурчээ.
Зэвсэг хамгийн их худалдан авдаг бүсээр Европ тодорч байгаа бол 2017-2021 онд зэвсгийн импорт нь 19 хувь өсч дэлхийн нийт худалдан авалтын 13 хувийг эзлэх боллоо. Хамгийн том худалдан авагч нь Их Британи, Норвеги, Нидерланд улсууд байна.
Одоо дайны хөлд байгаа Украины хувьд 2017-2021 онд зэвсэг худалдан авах тухайд бараг хязгаарлагдмал байжээ.
Ази, Далайн орнууд зэвсэг худалдан авдаг хамгийн том бүс болж байна. Энэ бүс 2017-2021 онд дэлхийн нийт зэвсгийн 43 хувийг худалдан авсан байдаг. Гол импортлогч нь Австрали, Энэтхэг, Хятад, Пакистан, Өмнөд Солонгос, Япон улсууд болж дэлхийд хамгийн их зэвсэг худалдан авдаг орнуудын эхний аравт орж байна.
Саудын Араб дэлхийн зэвсэг худалдан авалтаараа хоёрт орж, энэ таван жилд импорт нь 27 хувь өссөн байхад Катарын зэвсгийн импорт 227 хувь өссөн байна.
Зэвсэг нийлүүлэгч орны тоонд Итали дэлхийн нийт зэвсгийн 3.1 хувийг нийлүүлсэн нь өмнөх таван жилийнхээс 16 хувь өссөн байна. Харин Их Британийн хувьд дэлхийн зэвсгийн худалдааны 2.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх таван жилийнхээс 41 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Израилийн худалдан авсан зэвсгийн хэмжээ өмнөх таван жилийнхээс 19 хувиар нэмэгдсэн бол Египетийнх 73 хувиар өссөн байна.