Дэлхий дахинд
Герман улс АНУ-аас 35 ширхэг F-35 сөнөөгч онгоц худалдаж авахаар тохиролцжээ
Герман улс АНУ-аас 35 хүртэлх тооны үл үзэгдэх F-35 сөнөөгч онгоц худалдаж авахаар тохиролцсон байна. Учир нь ОХУ Украинд түрэмгийлсний улмаас Герман улс дахин зэвсэглэх шийдвэрт хүрсэн бололтой.
Орон нутгийн цагаар 14-ний өдөр dpa мэдээллийн агентлаг засгийн газрын эх сурвалжаас иш татан, Германы засгийн газрын зүгээс 40 гаруй жилийн турш ашиглаж ирсэн Люфтваффын Агаарын цэргийн хүчний Торнадо сөнөөгч онгоцуудаа шинэчлэхээр АНУ-ын Lockheed Martin компаниас 35 хүртэлх тооны үл үзэгдэх F-35 сөнөөгч онгоц худалдаж авахаар шийдвэрлэсэн хэмээн мэдээлсэн байна.
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц болох F-35 нь онцгой хэлбэртэйн дээр гадна талаараа бүрээстэй учир дайсны радаруудад илрүүлэхэд хэцүү байдаг аж.
Герман улс уг сөнөөгч онгоцноос 35 хүртэлх ширхэгийг худалдаж авахаар болсон гэж dpa агентлаг мэдэгдэв. Тус улсын эзэмшилд байсан торнадо сөнөөгч онгоцуудыг дайсны агаарын довтолгооноос хамгаалахад саад учруулах, дарах зорилгоор цахим агаарын довтолгоонд голчлон ашигласаар ирсэн байна.
Энэ зорилгоор тус улс Airbus компаниас мөн 15 ширхэг Eurofighter худалдаж авахаар төлөвлөж байгаа талаар dpa мэдээллийн агентлаг онцолжээ.
ОХУ Украинд түрэмгийлснээс үүдэн Герман улс нь батлан хамгаалах салбарын зардлаа 100 тэрбум еврогоор нэмэгдүүлж, жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувиас илүүг уг салбарт зарцуулах шийдвэрийг саяхан гаргасан юм