Дэлхий дахинд
Дайныг эсэргүүцэж шууд эфирээр үзэл бодлоо илэрхийлсэн бүсгүйг 30 мянган рублиэр торгохоор болжээ
ОХУ-ын “Нэгдүгээр суваг” телевизийн “Время мэдээллийн хөтөлбөрийн шууд эфирт Украин дахь дайныг эсэргүүцсэн зурагт хуудастай эмэгтэй орж ирсэн билээ.
“Нэгдүгээр суваг” телевизийн редактороор ажилладаг түүнд захиргааны арга хэмжээ авч, цагдаагийн газар 14 цагийн турш байцаажээ. Марина Овсянникова шүүх дээр өмгөөлөгч Антон Гашинскийгийн хамт сууж байгаа зургаа цахим хуудсандаа оруулсан байлаа.
Түүнийг зөвшөөрөлгүй үйлдэл гаргасан гэсэн зүйл ангиар 30 мянган рублиэр торгожээ. Марина “Намайг 14 цаг гаруй байцаахдаа ямар ч хуульзүйн туслалцаа үзүүлээгүй. Гэр бүлийнхэнтэйгээ холбогдох боломж ч олгоогүй. Надад санаа тавьсан бүх хүнд баярлалаа” гэсэн байна.
Марина Овсянникова “Украинд болж буй үйл явдал бол гэмт хэрэг. Орос бол түрэмгийлэгч улс. Энэ гэмт хэргийн хариуцлагыг нэг л хүн үүрэх ёстой. Энэ хүн бол Владимир Путин” гэсэн билээ.