Дэлхий дахинд
Европын зөвлөлийн Парламентын ассамблей Оросыг Европын зөвлөлөөс хасахаар санал хураалаа
Европын зөвлөлийн Парламентын ассамблей / ПАСЕ / ОХУ-ыг тус байгууллагаас хасахыг шаардах асуудлаар Европын зөвлөлийн сайд нарын хороонд уриалж санал хураасан байна.
“Европын зөвлөлөөс нэн даруй гарахыг Сайд нарын хороо ОХУ-д санал тавих нь зүйтэй гэж Ассамблей үзэж байна. ОХУ энэ шаардлагыг хэрэв биелүүлэхгүй бол Орос улсыг Европын зөвлөлийн гишүүнээс хасах өдрийг Сайд нарын хороонд аль болох хурдан авч үзэхийг Ассамблей санал болгоно” гэж энд дурджээ.
Санал хураахад Европын зөвлөлийн Парламентын ассамблейн 216 гишүүн төслийг дэмжсэн бол хэн ч эсэргүүцэлгүй, гурван хүн л түдгэлзсэн байна.
Европын зөвлөлийн Парламентын ассамблей дахь ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Төрийн думын дэд спикер Петр Толстой энэ тухайд Оросыг Европын зөвлөлөөс хасах шийдвэр хэдийнээ гараад, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай захидлыг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаас хүлээн авсан гэжээ.
ОХУ-ын Төрийн думын гадаад бодлогын хороон дарга Леонид Слуцкий Орос улс Европын зөвлөлөөс гарвал Хүний эрхийн тухай Европын конвенцийг эргэн харахаас аргагүй болно гэж мэдэгдэв.
Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Бурич бас Оросыг тус байгууллагаас гарах шийдвэрийг авсан гэж хэлжээ.
“Бид нэгдмэл байр суурьтай байгаа тухай мэдээллээ Сайд нарын хороонд өргөн барина” гэж Европын зөвлөлийн парламентын ассамблейн дарга Тини Кокс санал хураасны дараа хэлсэн байна.
Европын зөвлөлийн Парламентын ассамблейн баримт бичигт ассамблей “ОХУ-ын зүгээс Украины эсрэг явуулж байгаа түрэмгийллийг шийдвэртэй эсэргүүцэж, Украин болон украины ард түмэнтэй эв нэгдэлтэй байж, тус улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсын хүлээн звөшөөрсөн хилийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаагаа илэрхийлж байна” гэжээ. “Украины эсрэг ОХУ зэвсэглэн дайрсан нь НҮБ-ын дүрмийг зөрчиж”, Хельсинкийн төгсгөлийн акт, Шинэ Европын төлөөх Парисын хартитай зөрчилдөж байна“ хэмээн Ассамблей үзэж байна гэжээ.
ОХУ-ын энэ түрэмгийлэл нь Европын зөвлөлийн гишүүний хувьд өөртөө хүлээсэн үүргээ зөрчиж тус зөвлөлийн дүрмийн гуравдугаар зүйлийг мөн ноцтой зөрчиж байгаа хэрэг гэсэн байна.
Ассамблей бас ОХУ-ыг “Украины эсрэг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоож зэвсэгт хүчнээ украины газар нутгаас ямар ч яриа хэлэлцээргүй гаргаж”, “ямар ч тохиолдолд иргэний суурин, байгууламжууд руу халдахаа зогсоож, ард иргэдийг Украины аюулгүй бүс рүү болон бусад улс орон руу нэвтрүүлэх хүмүүнлэгийн хонгил гаргах”-ыг уриалсан байна.
“Украины эсрэг ОХУ-ын үйлдэж байгаа түрэмгийлэлд Белорусс улс оролцож байгаа учраас Ассамблей болон Белоруссын хоорондох харилцааг зогсоохыг өөрийн товчоондоо чиглэл болгож байна” гэж бас энд өгүүлсэн байна.
Донбасс дахь бүгд найрамдах улсуудын хүсэлтийн дагуу Луганскийн ардын бүгд найрамдах улс, Донецкийн ардын бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрч байгаа зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан юм. Үүний дараа хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж цэргээ оруулсан юм.
Владимир Путин цэргийн тусгай ажиллагааныхаа зорилгыг “найман жилийн туршид киевийн дэглэмийн хоморголон устгах үйлдэл, хүчирхийллийн золиос болсон Донбассын ард иргэдийг хамгаалах” гэж нэрлээд “Украиныг цэрэг зэвсэггүй болгож, энгийн ард иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүхэд шилжүүлэх явдал” гэж тодорхойлсон юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр бол оросын зэвсэгт хүчин зөвхөн украины цэрэг, цэргийн байгууламжуудад цохилт өгч байгаа гэнэ.
Европын зөвлөлийн парламентын ассамблей баримт бичигтээ “Оросын цэргийн түрэмгийллээс үүдсэн дайны үед Украинд бий болсон нөхцөл байдал, цэргийн гэмт хэргийг шалгах олон улсын тусгай шүүх байгуулах, НҮБ-ын хүний эрхийн зөвлөл энэ нөхцөл байдлыг мөрдөн шалгаж Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр буруутай этггээдүүдэд хариуцлага тооцох ажлыг бүхий л чармайлтаар дэмжиж байгаа”-гаа илэрхийлжээ.
Барим бичгийг бас хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнд Европын зөвлөлийн парламентын ассамблей “Украины газар нутгийг түр эзлэн аваад байгаа ОХУ-ын эсрэг Европын хүний эрхийн шүүхэд гомдол гаргахыг Украины ард иргэдэд уриалсан байна.