Дэлхий дахинд
Нисэх онгоц 30 мянган футын өндрөөс гэнэт хамраараа доош унаж, хоёр минутын дотор газар мөргөн шатсан.
Хятадын “China Eastern Airlines” компанийн 132 хүнтэй “Боинг 737-800” нисэх онгоц өчигдөр орой өмнөд хэсгийн ууланд унаж осолдсон. Ослоос хойш 20 гаруй цагийн хугацаа өнгөрч байгаа ч амьд үлдсэн хүн байгаасай гэх өчүүхэн ч болов найдлага тавин зорчигчдын ар гэрийнхэн залбирсаар байна. Гэвч орон нутгийн “MU5735” нислэг Гуанси-Жуан автономит мужийн ууланд унаж, шатаж буй бичлэг өчигдөр цацагдсан. Онгоцонд 132 хүн зорчиж явсны ес нь нисэх багийн гишүүд, нисгэгчид байжээ.
Хятадын дарга Ши Жиньпин ослын дараа мэдэгдэл хийж, өргөн хүрээтэй аврах, эрэн хайх ажиллагаа явуулахыг үүрэгдсэн. Мөн тэрбээр ослын шалтгааныг нарийвчлан тодорхойлж, иргэний нисэхийн аюулгүй байдлыг дээд зэргээр сайжруулахыг холбогдох албаныханд даалгажээ.
Мөн Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Коммунист намын Төв хорооны улс төрийн байнгын хороонд хохирогчдын ар гэрийнхэнд сэтгэл санааны болон мөнгөн дэмжлэг үзүүлж, тэдэнд ослын талаарх мэдээллийг цаг тутамд мэдээллэх, ослыг мөрдөн шалгах ажлыг олон талаас явуулахыг даалгасан байна.
Нисэх онгоц 30 мянган футын өндрөөс гэнэт хамраараа доош унаж, хоёр минутын дотор газар мөргөн шатсан. Газарт унахдаа онгоц цагт 350 миллийн хурдтай байсан гэж тооцжээ. Ослын газарт аврагчдаас түрүүлж очсон орон нутгийн иргэд гар утсаараа дарсан зургаа цахим ертөнцөд байршуулжээ. Онгоц унасан газар түймэр гарсныг “NASA”-гийн хиймэл дагуулаас харуулсан юм.
Өнөөдрийн байдлаар Гуанси муж болон хөрш Гуандунаас олон зуун мянган аврагчид ослын газарт дайчлагдан ажиллаж байна. Хятадын иргэний агаарын тээврийн удирдах газар болон “China Eastern Airlines” компанийн зүгээс өөр өөрсдийн албаны багийг ослын газар руу илгээжээ. “China Eastern Airlines” компанийн зүгээс есөн баг гаргаж, нисэх онгоцны сэгийг цуглуулах, ослыг шалгах, зорчигчдын гэр бүлд туслах, хэвлэлд мэдээлэл өгөх ажлыг хийж байна. Түүнчлэн Боинг 737-800 онгоц анх хөөрсөн Кунминь нисэх онгоцны буудалд нисэх багийн ар гэрийнхэн ирцгээжээ. “China Eastern Airlines” компани нь Хятадын том гурван тээвэрлэгчийн нэг бөгөөд олон улс болон орон нутгийн 248 чиглэлд нислэг үйлддэг байна.
Үүний зэрэгцээ нисэх онгоц газарт унахаас 10-20 секундын өмнө нисгэгчдийн нэг нь ухаан орж, онгоцыг аврах оролдлого хийсэн нь нислэгийн мэдээллээс харагдсан гэж нисэхийн мэргэжилтэн Салли Гетин ярьжээ. Тэрбээр энэ талаар, “Нисгэгчид маш олон цагийн сургуулилалт хийдэг. Гэхдээ бодит байдал дээр хэчнээн туршлагатай нисгэгч байсан ч гэнэтийн үйл явдалд сандарч тэвддэг. Улмаар буруу шийдвэр гаргах нь олон. Тиймээс энэ чиглэлд дадлага сургуулилалтыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. Мөн тэрбээр “Одоогоор нислэгт яг юу тохиолдсоныг таамаглахад хэтэрхий эрт байна. Онгоцны сүүл нь доголдож, цаг агаар нөлөөлсөн эсвэл дотоод цахилгаан холбоонд асуудал гарсан. Ер нь юу ч болсон байж болно” гэсэн байна. Түүний тайлбарласнаар, туслах нисгэгч нь 30 мянган цагийн нислэгийн туршлагатай байхад нисгэгч нь дөнгөж 7000 цаг ниссэн байна гэдэг нь хэвийн биш зүйл аж. Түүнчлэн тус нислэгийн багт байсан гуравдагч нисгэгч нь ердөө хэдэн зуун цаг ниссэн туршлагатай байжээ.
Нисэх онгоц сүйрэхээсээ өмнө хамгийн ихдээ 75 мянган футын өндөр авсан байв. Тус нислэг Кунминь нисэх онгоцны буудлаас Гуандун хүрэхээр хөөрсөн аж. Ослын газарт өнгөрсөн шөнө цагдаа нар, хамгаалагчид ажиллаж, тэнд сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн өөдөөс гэрэл тусган оруулахгүй, хөөсөн талаар “Associated Press” мэдээлжээ.
Харин ойролцоох нисэх онгоцны ойролцоох буудалд Хятадын агаарын тээврийн агентлагийн логотой хувцас өмссөн 20 орчим хүн буудалласан гэж сэтгүүлчид мэдээлжээ. АНУ-ын тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс өнөөдөр ослыг мөрдөн шалгахад туслахаар зөвлөх мэргэжилтнээ илгээсэн гэж жиргэжээ.
Осолдсон 737-800 онгоцыг 2015 оны зургадугаар сард Боинг компани Хятадад хүлээлгэн өгснөөс хойш зургаан жил ниссэн аж. Хятадад энэ загварын 1200 орчим нисэх онгоц байдаг нь аль ч улсаас хамгийн олон юм. Харин энэхүү осол нь Хятадын дотоодын агаарын тээврийн үйлчилгээнд том нөлөө үзүүлж магадгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Хятадын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр ослын дараа тус улсад үйлчилгээнд нисч буй бүх Боинг 797-800 онгоцыг түр хугацаагаар нисэхийг хориглосон байна. Тус загвар нь өмнө нь томоохон дуулиан дагуулсан “737 Max” онгоцны өмнөх загвар бөгөөд олон осолджээ.
Боинг 737-800 онгоц 1998 оноос хойш үйлчилгээнд явж эхэлсэн ба дэлхийд 5100 гаруй ширхэг нь нислэг үйлддэг байна. Өнгөрсөн хугацаанд тус загварын 22 нисэх онгоц осолдож, 612 хүн амь үрэгдсэн гэж Нисэхийн аюулгүй байдлын сүлжээнээс мэдээлжээ. Нийтдээ 189 зорчигчийн багтаамжтай 737-800 онгоц нь Боингийн хамгийн эрэлттэй загвар аж.
Ослын дараа өнөө өглөө Боинг компанийн хувьцаа 4 хувиар унасан бол өдрийн байдлаар ханшийн уналт 5.6 хувь болж нэмэгджээ. Өмнө нь “797 Max” загварын хоёр онгоц нь програм хангамжийн доголдлоос болж осолдсоноор их хэмжээний хохирол амссан юм. Индонези, Этиопын агаарын тээврийн хоёр “Боинг 737 Max” онгоц хоорондоо зургаан сар хүрэхгүй зайтай унаж осолдсон юм. Улмаар шинэ загварт хөрөнгө оруулсан бизнесменүүдтэй 225 сая ам.доллараар тохиролцож, хоёр ослоор амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд 2.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгчээ.