Дэлхий дахинд
Япон улсын зарим бүс нутаг эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжлээ
Япон улсын зүүн болон зүүн хойд бүс, нийслэл Токио орчмын эрчим хүчний хэрэглээ одоогийн түвшиндээ үргэлжилбэл 20:00 цагийн орчимд ачааллаа дийлэхгүй болж, тасалдах эрсдэлтэй болсныг тус улсын аж үйлдвэрийн яам өнөөдөр мэдээлжээ.
Тиймээс айл өрх, албан байгууллагуудыг хэрэглээгээ хязгаарлахыг тус яам уриалсан байна.
Дээр дурдсан бүс нутгуудад эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн нь хоёр гол шалтгаантай гэнэ. Нэгд, өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас зарим дулааны станцууд ажиллах боломжгүй болж, түр зогссон. Хоёрт, ойрын өдрүүдэд агаарын температур доошилж, жилийн энэ үед баймгүй хэмжээгээр хүйтэрсэн нь бас нөлөөлжээ.
Шаардлагагүй гэрлүүдээ унтраах, өрөөний халаалтыг Цельсийн 20 хэмээс илүү нэмэхгүй байхыг Японы аж үйлдвэрийн сайд Койчи Хагиуда өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр иргэд, байгууллагуудад уриалсан байна.
Эрчим хүчээ хэмнэх шаардлагатай бүс нутагт Токио хотоос гадна Ибараки, Точиги, Гунма, Сайтама, Чиба, Канагава, Яманаши, Шизүока мужууд багтжээ.
Хэрвээ өнөөдөр орой эрчим хүчний ачаалал буурахгүй, хангамж тасалдах асуудалтай тулгарвал илүү хатуу хязгаарлалтын асуудал яригдах гэнэ.
Хэмнэлтийн горим цаашид үргэлжлэх эсэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалахыг сайд мэдэгдсэн байна.