Дэлхий дахинд
Путины зөвлөх Анатолий Чубайс халагдаж Оросоос гарч явжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хамтрагч гэдэг Анатолий Чубайс ажлаа өгөөд Оросоос зугтжээ хэмээн Bloomberg мэдээлснийг news.dialog.ua хэвлэл дамжуулсан байна. Владимир Путин Украины эсрэг эхлүүлсэн цуст дайнаасаа болоод өөрийн ойрын хүрээллийнхэндээ асар их хахир хандах болсон гэж энд бичжээ. Иймдээ ч түүний ойрын хамтрагчийн нэг Анатолий Чубайс оросоос маш яаралтай гарч явсан байна. Нөлөө бүхий хэвлэл Bloomberg энэ талаар хоёр ч эх сурвалжаас аваад баталж байна. Чубайс саяхныг болтол Путины олон улсын асуудлаарх тусгай төлөөлөгч, туслахын ажил эрхэлж байсан юм.
ОХУ-аас Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн хоёрдугаар сарын 24-нөөс Орос улс гадаад орнуудын зүгээс олон тооны хоригт өртөн энэ улс бүрэн тусгаарлагдсанаар түүний ажил ямар ч утгагүй болсон байна. Өөрийн нь ойрын хүн, дарга нь Украины эсрэг цус урсгасан дайн эхлүүлсэн талаар Чубайс ямар нэг тайлбар хийгээгүй ч энэ талаар санал зөрүүтэй байгаагаа илэрхийлэх гэж оролдож байжээ. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш гурав хоногийн дараа хоёрдугаар сарын 27-нд тэрбээр Путиныг хурцаар шүүмжлэгч Борис Немцовын амь үрэгдсэн зургийг нийтэлж байсан юм байна. Гуравдугаар сарын 19-нд Чубайс бас оросын 1990-ээд оны эдийн засгийн шинэчлэлийн автор байгаад 2009 онд нас барсан Егор Гайдарын 66 насны ойд зориулсан пост олон нийтийн сүлжээнд оруулж “”Оросын ирээдүйн тухай ярилцахдаа би түүнтэй тэр бүр санал нийлдэггүй байсан. Гэхдээ Гайдар стратегийн эрсдэлийг надаас илүү сайн ойлгож байсан бололтой, харин би буруу ойлгож байжээ” гэж бичиж байжээ.