Дэлхий дахинд
Леонид Пасечник: ОХУ-д нэгдэх талаар санал бодлоо илэрхийлэх бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдах байх гэж би бодож байна
ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх талаар ойрын үед бүх нийтийн санал хураалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа Украинаас салан тусгаарласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын төр засгийн тэргүүн Леонид Пасечник өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Ойрын үед бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ОХУ-д нэгдэх талаар санал бодлоо илэрхийлэх бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдах байх гэж би бодож байна” гэж тэр ярьжээ.
2014 онд Крымийн хойгийг нэгтгэхдээ ОХУ-ын эрх баригчид мөн нутгийн иргэдийн дунд бүх нийтийн санал хураалт зохион байгуулж байсан юм.
Тэр үеэс хойш Украины дорнод хязгаарын орос хэлтэй хүн ам голлон суудаг Донецк, Луганск мужууд Киевийн захиргаанаас салан тусгаарлах хөдөлгөөнийг эхлүүлж байв.
Хоёрдугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээрх мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны гэрээг тус тусын удирдагчидтай нь байгуулсан юм.
Дараа нь 24-ний өдөр Донецк, Луганскийн удирдагчдын хүсэлтээр Донбассын ард иргэдийг хамгаалах “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлж байгаагаа Путин зарлаж байлаа.