Дэлхий дахинд
Япон улсын хүн амын тоо хурдацтай буурч, хөгшрөлт газар авсан тул гадны цагаачдад зөөлөн хандах болов уу
Япон орон эртнээс нааш олон соёлын өлгий нутаг байсангүй. Угсаатны үндсэрхэг үзэл болон хүүхэд эцэг эхийнхээ иргэншлээс өөр иргэншил авч болохгүй зэрэг хүчин зүйлсээс болж олон соёлт бодлогогүй гэж шүүмжлүүлсээр ирсэн. Зарим онцгой тохиолдолд энэ үзэл нь хүний эрх зөрчиж байжээ. Тухайлбал, 2021 онд Японы цагаачдын хорих газарт Шри-Ланка эмэгтэй амиа алдсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалд олны анхаарлыг хандуулж, Японы цагаачлалын бодлогын талаар маргаан дэгдээсэн. Тус улсад дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх нь нэн ховор бөгөөд 2020 онд гэхэд л ердөө 47 орогнол хүсэгч хүлээн зөвшөөрөгджээ.
Үүнээс гадна цар тахалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Японы хил халдашгүй дархан байлаа. Хилээр нэвтрэх шинэ журмын дагуу тус улсад удаан хугацаагаар оршин суугч иргэд гадаадад аялсан тохиолдолд буцаад Япон руу нэвтрэх эрхгүй байсан.
Гэсэн хэдий ч гадаадын иргэд Японд ажиллаж, амьдрах, иргэн болох зайлшгүй хэрэгцээтэй цаг үе хаяанд иржээ. Яагаад вэ гэхээр төрөлтийн түвшин маш бага байгаагаас шалтгаалаад хүн амын тоо хурдацтай буурч, хөгшрөлт газар авсан тул засгийн газраас гадаадын ажилчдыг нэвтрүүлэхийн тулд хилийн зарим зохицуулалтаа зөөлрүүлэх шаардлагатай болсон байна. ЖАЙКА-аас таамагласнаар, 2040 он гэхэд Япон улс гадаад ажилчдынхаа тоог дөрөв дахин нэмэгдүүлж, зургаан сая гаруй болгоно гэнэ. Мэдээж гадаадын иргэд олноор орж ирэхтэй зэрэгцээд цөөнхөд тэгш боломж олгох, таатай амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх шаардлага урган гарч ирэх юм.
Олон соёлт үзэл нь тэгш бус байдлыг жигдрүүлж өгөх нэг хүчин зүйл байж болох юм. Японд үүнийг “Олон үндэстэн зэрэгцэн оршихуй” гэсэн нэр томьёогоор илэрхийлдэг. Олон соёлт үзлийн үндсэн зарчим нь тэгш бус байдлыг шударгаар шийдвэрлэх, ижил бус соёлуудад тус бүрд нь тохирсон анхаарал халамж үзүүлэх юм. Японд дээрх ойлголтыг авч үзэхдээ хүний эрх гэхээсээ илүүтэй гадаадын иргэд хоорондын соёлын солилцоо, хэл эзэмшүүлэх зэрэг дээр анхаарал хандуулдаг гэсэн шүүмжлэл бий.
Номхон далайн дайны үеэр Японд цагаачлалаар эсвэл албадлагаар ирсэн Зүүн Азиудын бие бялдар ижил төстэй байсан тул уугуул оршин суугчдад төдийлөн анзаарагдаагүй. Тиймээс тухайн үед олон соёлт үзэл баримтлал хараахан үүсээгүй гэж үздэг. Гэвч 1980-аад оноос хойш Зүүн өмнөд Азиас ирсэн хөдөлмөрийн цагаачдын шинэ давалгаа нь олон талт байдлыг ил тод болгожээ. Ийнхүү 1990-ээд оноос “Олон үндэстэн зэрэгцэн оршихуй” гэдэг үг Японд анх гарсан гэдэг.
Олон үндэстэн зэрэгцэн орших тухай маргаан анх 1970-аад онд гарч байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу Хүйтэн дайны улмаас хоёр Солонгос хуваагдахад маш олон дүрвэгсэд Японд ирсэн. Тухайн үеийн Япон дахь Солонгосчууд нь байнга оршин суух статустай, эсвэл иргэн болсон, 1945 оноос өмнө цагаачилсан, эсвэл тэдгээр цагаачдын үр удам байв.
Тэдгээр хүмүүс анх Японы иргэншилгүйгээс үүдсэн тэгш бус байдлыг эсэргүүцэн дуугарч байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Японд ойролцоогоор 2.4 сая солонгосчууд байсан. Тэдний дийлэнх нь Солонгосын хойгийн өмнөд хэсэгт орших өвөг дээдсийнхээ нутаг руу буцсаар, 1946 он гэхэд 650 мянган хүн л үлдсэн гэсэн тоо баримт бий. Тухайн үед Япон дахь хууль бус цагаачдын 90 хувь нь солонгосчууд байсан ажээ.
1995 оны Ханшин-Аважигийн газар хөдлөлтийн дараа “Олон үндэстэн зэрэгцэн оршихуй”-д төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг төвүүд байгуулж эхэлсэн. Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн бүс нутгуудад Солонгос, Вьетнам хүмүүс маш олон байжээ. Олон хэлээр мэдээлэл зөвлөгөө өгөх зорилготойгоор тус төв нь байгуулагдсан ба улмаар Токио, Осака зэрэг томоохон хотуудад үйл ажиллагаагаа тэлсэн байна.
2005 онд Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас Олон үндэстний хамтын амьдралыг дэмжих хороог байгуулж, бодлогын төлөвлөгөө гаргасан. Гэсэн хэдий ч энэ нь мөн л учир дутагдалтай байв. Энэ нь иргэний эрхийн төлөөх бодлого гэхээсээ илүү шинээр ирсэн хүмүүсийн соёлын сорилтуудын хариу арга хэмжээ болсон бодлого гэж шүүмжлүүлжээ.
Эдогийн үед Япон улс дэлхийн олон орноос өөрийгөө тусгаарлаж байсан. Эндээс хөөгөөд бодвол өнөөгийн гадаадын иргэд болон үндэстний цөөнхөд хүртээмжгүй байгаа бодлого нь соёлын гүн гүнзгий улбаатай асуудал юм.
Өдгөө олон соёлт үзэл Японд дэлгэрч эхэлж байна гэж ажиглагчид үзжээ. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын иргэд, цөөнх, олон үндэстний хүмүүс улам бүр нэр хүндтэй болжээ. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдвал, Гаити ба Японы эрлийз теннисчин Наоми Осака 2021 онд Токиогийн зуны олимпийн бамбарыг асаасан. Энэ үйл явдал нь иргэн харьяалал, үндэсний үзлийн тухай япончуудын ойлголт өөрчлөгдөж буйг илэрхийлсэн юм.
2015 оны Шинжүкүгийн судалгаагаар гадаадын оршин суугчдаас япончуудтай харьцахдаа ялгаварлан гадуурхах хандлага хэр их мэдэрдэг болохыг асуужээ. Судалгааны үр дүнг харвал, 35 хувь нь “заримдаа мэдэрдэг” гэсэн бол 7.5 хувь нь “байнга мэдэрдэг” гэсэн байна. Тэгвэл 51.9 хувь нь орон сууц хайх үедээ, 33.2 хувь нь ажил хайх үедээ ялгаварлан гадуурхалт мэдэрдэг гэжээ.
Япон улс 2019 онд Цагаачлалын хяналт болон дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ур чадвар багатай гадаадын ажилчдад үүд хаалгаа албан ёсоор нээсэн. Мөн тусгай ур чадварын визний хөтөлбөрийг бий болгосон нь Японы цагаачлалын бодлогод гарсан түүхэн өөрчлөлтийг харуулж байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд орон орны оюутан, дадлагажигчид Японд хэдэн арван мянгаараа нэвтэрч, төрөл бүрийн салбарт ажилласаар нүдэнд дасал болжээ. Уугуул япон иргэд дуу нэгтэйгээр тэднийг гэр орноосоо хол амьдралын шаардлагаар тууштай, хөдөлмөрлөж буй залуус гэж эерэгээр хардаг. Хүн ам нь цөөрч, хөгширч байгаа энэ үед тэдний нийгэмд гадаадынхан хэрэгтэй болно гэдгийг Японы ард түмэн улам бүр анзаарч буй нь дамжиггүй юм.