Дэлхий дахинд
Шанхайд COVID-19-өөс болж энэ жил хоёр дахь хорио тавилаа
Хятадын Шанхай хотод коронавирусын шинэ дэгдэлт гарсантай холбогдуулан энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн энэ жил хоёр дахиа хатуу хөл хорио тогтоолоо гэж эрх баригчид нь мэдээллээ.
Нийт 24.9 сая хүнтэй энэ том хотод нэг хоногийн дотор оршин суугчдаас 50, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 10 тохиолдол илэрсэн бол хятадын хэмжээгээр шинж тэмдэггүй 3454 тохиолдол илэрлээ гэсэн байна.
Үүнтэй холбоотойгоор бүх нийтийг хоёр шатны шинжилгээнд хамруулахаар эрх баригчид шийдвэрлэжээ. Эхний шатны шинжилгээг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл Шар мөрний зүүн эрэг, Пудунг район, Миньхан, Сунзяны зарим хороолол, Фэнсянь, Зиньшань, Чунминий бүх иргэдийг хамруулах юм байна.
Хоёр дахь шатны шинжилгээг дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж Шар мөрний баруун эргийн районуудад явуулна гэнэ.
Хөл хорионы үеэр Шар мөрөн дээгүүрх гүүр, мөрний доогуурх хонгилыг хааж, тээврийн бүхий л хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ. Тухайн заасан районуудын төмөр замын буудлуудыг ч түр хааж галт тэрэг зогсохгүй өнгөрөх юм байна.
Компани аж ахуйн нэгжүүд богиносгосон цагаар ажиллах бол хүргэлт, нийгэм ахуйн үйлчилгээний болон халдварын эсрэг ажиллагааны тээврийн хэрэгсэл, аюулгүй байдлын алба хэвийн ажиллах гэнэ.
Хөл хорионы үед ард иргэд онцын шаардлагагүй бол гэрээс гаралгүй шаардлагатай бүтээгдхүүнээ онлайнаар захиалан, тусгай үйлчилгээний албад бараа бүтээгдхүүнийг орцны дэргэд тусгай талбайд тавин, иргэд өөрсдөө авч байх юм байна.
Пудун дүүргийн нисэх буудлыг харин хаалгүй, зөвхөн явах зорчигчид урьдчилаад бүхий л мэдээллээ аваад очихыг эрх баригчид анхааруулжээ.
Үүний зэрэгцээ онцын шаардлагагүй бол иргэдийг Шанхайгаас авахгүй байх, зайлшгүй явах бол 48 цагийн дотор ПСР шинжилгээ өгсөн байхыг шаардаж байна.
Хятад улс урьдын адилаар коронавирусын “тэг” илрэлтэй байх бодлогоо барьж байгаа учраас ийн хатуу хөл хорио тогтоож байна. Гэлээ ч тус улсад хоногт 1275 тохиолдол бүртгэгдэхийн зэрэгцээ шинж тэмдэггүй тохиолдол өндөр байгаа юм.