Бусад
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох байгууллагын удирдлагуудад гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан хэрхэн ажилласан болон өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуул гэв.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 18-21, өдөртөө 6-9 хэм хүйтэн, салхины хурд 06-08 м/с байх төлөвтэй байна. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар гахайн африк мялзан өвчин илэрсэн нь анх удаа Монгол Улсад бүртгэгдлээ. Улсын Онцгой комисс 1 удаа, Улсын Онцгой комиссын ажлын хэсэг 1 удаа, Нийслэлийн Онцгой комисс 1 удаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулсан ажлыг хэсэг 10 удаа тус тус хуралдаж, хурлаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Холбогдох байгууллагуудтай хийсэн хяналт шалгалтад нийт 775 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Гахайн африкийн мялзан өвчин илэрч, үхсэн болон сэжигтэй гахай болон гахайн махыг зохих зааврын дагуу устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” гэж танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20685 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэсэн бол Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Сар шинийн баяртай холбоотой томоохон зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид уртгасан цагаар үүргээ гүйцэтгэж байна” хэмээн танилцуулав.
“Манай газраас сар шинийн баяр болохтой холбогдуулан хийсэн хяналт шалгалтаар нийт 1062 иргэн, аж ахуй нэгжийг хамруулж, 515 зөрчил илрүүлснээс 283 нь газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийн дагуу 71 зөрчлийн хэрэг үүсгэж 41.8 сая төгрөгийн торгууль шийтгэвэрийг ногдуулаад байна. Иргэд маань аливаа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ болон хугацааг сайтар нягталж, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэхэд анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн хоногуудад Налайх дүүрэгт ноцтой осол гарч хүний амь эрсэдлээ. Иргэд амь бие, эрүүл мэндээ үл хайхран цооногт ажиллаж байна. Дүүргийн удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах, Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалт болон хайс хашлагыг эвдэж гэмтээсэн тухай, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.