Дэлхий дахинд
ДЭМБ: Энэтхэгийн Коваксин вакцины нийлүүлэлтийг зогсоов
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн үйлдвэрлэж буй Коваксин вакцины нийлүүлэлтийг цуцлах шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ингэснээр Коваксиныг НҮБ-ын агентлагаар дамжуулан олон улсад нийлүүлэхийг зогсоосон байна. Тус вакцины нийлүүлэлтийг зогсоосон нь үйлдвэрийн технологио сайжруулахад чиглэсэн бөгөөд шалгалтын явцад илэрсэн доголдлоо арилгах хугацаа өгч байгаа аж.
ДЭМБ-аас гуравдугаар сарын 13-22-ны хооронд “Bharat Biotech” компанийн үйлдвэрт шалгалт явуулсан байна. Тус вакциныг НҮБ-ын агентлагт нийлүүлэхийг зогсоосон ч вакцины үр нөлөө нь хүчинтэй, аюулгүй байдлын санаа зовоох зүйлгүй гэж ДЭМБ мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Энэтхэгт цар тахлын эсрэг дархлаажуулалтын хувь нэмэгдэхийн хэрээр Коваксин вакцины үйлдвэрлэлээ багасгаж буйгаа үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн. Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэй үйлдвэрлэсэн Коваксин вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг ДЭМБ 2021 оны арваннэгдүгээр сард олгосон.