Дэлхий дахинд
АНУ Владимир Путины гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар боллоо
АНУ анх удаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путины гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар боллоо. Цагаан ордны сайтад мэдээлснээр Путины “насанд хүрсэн” хүүхдүүдийн эсрэг бүрэн хориг тавихаар болсон талаар мэдээлжээ. Албан ёсны мэдээллээр Путин насанд хүрсэн хоёр охинтой.
АНУ-ын Сангийн яам хоригт багтсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Үүнд:
- Оросын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев,
- Ерөнхий сайд Михаил Мишустин,
- Сангийн сайд Антон Силуанов,
- Москва хотын захирагч Сергей Собянин,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно болон Ерөнхийлөгчийн ойрын хүмүүс багтжээ.
Түүнчлэн тус жагсаалтад “Катерина Владимировна Тихонова” болон “Мария Владимировна Воронцова” гэх нэрс багтсан бөгөөд АНУ-ын Сангийн яам эдгээр эмэгтэйчүүдийг Владимир Путины охид гэж нэрэсэн байна.
Тихонова нь Оросын засгийн газар болон батлан хамгаалах салбарт тусалдаг технологийн компанийг удирддаг гэдгийг АНУ-ын Засгийн газраас онцолжээ.
Харин Воронцова нь төрийн санхүүжилттэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээр нь генетикийн судалгаанд зориулж Кремлээс олон тэрбум доллар авч байсан, мөн тэдгээр хөтөлбөрүүдэд нь Путин биечлэн хяналт тавьдаг” гэж бичсэн байна.
Хоригт багтсан хүмүүсийн тоонд мөн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охин хоёрын нэрийг багтаажээ.
Путины охидын талаар ямар мэдээлэл гарч байсан бэ
Владимир Путин Людмила Путина нар хоёр охинтой. Тэд 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Оросын Ерөнхийлөгч гэр бүлийнхээ тухай ярих дургүй бөгөөд охидтойгоо авхуулсан зургаа хамгийн сүүлд 2002 онд нийтэлж байжээ.
Ерөнхийлөгчийн хүүхдүүд гадаадад хөрөнгөтэй эсэхээс үл хамааран тэдний эсрэг хориг тавьснаар Ерөнхийлөгчийн анхаарлыг татах болно гэж Блүүмберг үзэж байна.
The New Times сэтгүүлд бичсэнээр Путины том охиныг Мария Воронцова гэдэг. Ройтерс агентлаг 2015 онд түүнийг Москвагийн Улсын Их Сургуулийн Анагаах Ухааны факультет төгссөн бөгөөд эндокринологийн чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж мэдээлсэн. Түүнчлэн Путины том охин бизнесмэн Йоррит Йоост Фаассентэй гэрлэсэн, Нидерландад амьдардаг гэж хэвлэлүүд мэдээлжээ. 2022 оны гуравдугаар сард Follow The Money хэвлэл Фаассентэй холбогдоход тэрээр Путины охинтой хэзээ ч гэрлэж байгаагүй гэсэн байна.
Воронцова нь анагаахын шинжлэх ухааны эрдэмтэн. Тэрээр Оросын эрүүл мэндийн салбарт хувийн хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхэд оролцдог “Номеко” компанийн хамтран эзэмшигч гэж ВВС мэдээлжээ. Түүнийг Оросын Ерөнхийлөгчийн том охин гэдгийг Путины гэр бүлийн танил баталсан байна.
Путины бага охиныг 2015 онд Ройтерс болон Блүүмберг агентлагууд “Үндэсний оюун ухааны сан”-гийн захирлаар ажилладаг Катерина Тихонова гэв. Харин Путин хэзээ ч түүнийг охиноо гэдгийг баталж байгаагүй, бас үгүйсгэж байгаагүй ажээ.