Дэлхий дахинд
Оросын иргэд Украйны эсрэг түрэмгийлэлд оросын эрх баригчид түмэн буруутай гэж үзэж байна
Украйнд үүссэн нөхцөл байдал даамжирч, улмаар зэвсэгт мөргөлдөөн бий болж, дайн дэгдэх дээрээ хүрээд байгаа энэ цаг үед оросын ард иргэд дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ.
Тэд Украйны эсрэг түрэмгийлэл /дайн/-д чухамхүү оросын эрх баригчид түмэн буруутай гэж үзэж байна. Энэ бүхний хариуцлагыг Владимир Путин тэргүүтэй эрх баригчид хүлээх ёстой хэмээх боллоо.
Оросын соёлын болон нийгмийн төлөөлөл болсон олон арван зүтгэлтнүүд Украйны эсрэг түрэмгийлэл, турхиралт, дайныг үгүйсгэсэн нээлттэй ил захидалд гарын үсэг зурцгаасан байна. Эл бичвэрийг “Москвагийн дуу хоолой” /Эхо Москвы/ сэтгүүл нийтэлжээ.
Орос, Украйны хооронд том “дайн” дэгдэж магадгүй байгаа учраас хүмүүс айдаст автаж байгааг гарын үсэг зурсан талууд онцолжээ.
Тэд ОХУ-ын удирдлага, улс төрчдийг голлон буруутгаж, хэрэвзээ Украйнд халдан түрэмгийлсээр байвал Украйнд хамаг бурууг тохож, өөрсдөө хариуцлагаас мэлзэн зугтаад, украйнчуудыг хилс хэрэгт гүтгэн буруутгаж болзошгүйг анхаарууллаа.
“Украйн, Орос хоёрын ал аль тал нь энэ дайны хөлд үрэгдэж, үр нөлөөнд нь хоёул аймшигт үнэ төлөх нь мэдээж. Ийм зүйл болно гэдгийг мэдсээр байж, ОХУ-ын удирдлага Украйнтай хиллэдэг хилийн бүсэд цэргийн хүчнийг төвлөрлийг багасгахын оронд харин ч улам нэмэгдүүлж, гамшигт бодлогоо үргэлжлүүлсээр байна.
Ямар ч үед халдлага хийх шалтаг, шалтгааныг албан ёсны хоосон гоё үгээр олж болдог. Яг л 1939 онд Адольф Гитлер Польш улс руу довтлохоос өмнөх шууд өдөөн хатгалга шиг. Тийм тохиолдолд Украйныг ямар нэг байдлаар түрэмгийлэлд буруутгаж, ОХУ-ын үйлдлийг харин эх орон, энгийн иргэдээ хамгаалсан гэх нэрийдлээр хариуд нь жинхэнэ утгаар түрэмгийлэх болно” хэмээн өөрсдийгөө “Сэхээтнүүдийн конгресс” хэмээн нэрлэгчдийн ил захидалд дурджээ.
Хэрэв бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа эхэлбэл Оросын улс төрийн удирдлагаас оролцсон хүмүүс үүнд хариуцлага хүлээх болно гэдгийг гарын үсэг зурсан талууд анхааруулж байна.
“Хэрэв том дайн дэгдвэл үүнд оролцсон хүмүүс, мөн өдөөн хатгагчид болох Оросын улс төрчид, удирдлагууд бүгд хариуцлага хүлээх болно. Та нарын нэрсийг бүгдийг нь илчилж, дэлгэх болно. Та нар өнөөгийн болон хойч үеийнхнийхээ “хараалыг идэх” болно. Мөн та нарыг шүүх тэр өдрийг үзэх гэж урт наслах болно” гэжээ.
Эл ил захидалд оросын алдартай хэдэн арван соёл, нийгмийн зүтгэлтнүүд гарын үсэг зурсан ба тэдний дунд оросын алдартай зохиолчид, жүжигчид, найруулагч нар, яруу найрагчид, зураачид мөн бас сэтгүүлчид багтжээ. Мөн ОХУ-д хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын орны төлөөлөгчид хүртэл багтсан аж. Дайныг эсэргүүцсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулах ажил үргэлжилж байна.