Дэлхий дахинд
Хүнсний бүтээгдхүүний өсөлт 1990 оноос хойш дээд хэмжээнд хүрлээ
Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас хүнсний суурь бүтээгдхүүний дэлхий дахины үнийн өсөлт түүхийн бүхий л хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрлээ гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээллээ. Ялангуяа үр тариа, ургамлын тосны зах зээлдэх үнэ хамгийн их өслөө гэжээ.
Хүнсний бүтээгдхүүний үнэ гуравдугаар сард 159,3 пунктээр өссөн нь хоёрдугаар сарынхаас 12.6 хувь нэмэгдэж 1990 онтой харьцуулахад хамгийн ихээр өссөн байна. Өнгөрсөн сарын өсөлт нь 2011 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт буюу сөрөг дээд амжилт болжээ.
Энэ өсөлт нь ОХУ-аас Украин руу цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн нь үр тарианы экспортод ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлж байгаатай холбоотой.
“Сүүлийн гурван жилд ОХУ болон Украин улс дэлхий дахины улаан буудайн экспортын 30, эрдэнэ шишийн 20 хувийг эзэлж ирсэн. Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ сарын дотор 19.7 хувь өслөө гэж Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлэлд дурджээ. Украин дахь хямралаас гадна АНУ-ын тариалалтын байдал ч үнийн өсөлтөд нөлөөлсөөр байна. “Эрдэнэ шишийн үнэ сарын дотор 19.1 хувь өсч дээд хэмжээнд хүрсэн бол арвайн үнэ ч бас өссөн” гэж Хүнс хөдөө аж ахуйн байгууллага мэдээлжээ.
Наран цэцгийн тосны тэргүүлэх экспортлогч Украин дайны байдалд байгаагаас дэлхийн зах зээл дээр ургамлын тосны үнэ бас 23.2 хувь өсөөд байна. Түүхий нефть, наран цэцгийн тосны үнэ өссөнийг дагаад рапс, шар буурцаг, далдуу модны тосны үнэ ч өслөө.
Элсэн чихрийн үнэ хоёрдугаар сараас хойш 6.7 хувь өссөн бол өнгөрөгч 2021 оны гуравдугаар сартай харьцуулахад 20 хувь өсчээ. Баруун Европт гахай нядалгааны ажил буурсантай холбогдоод гахайн махны үнэ огцом өссөнөөс болоод махны нийт үнэ өнгөрөгч гуравдугаар сард 4.8 хувиар нэмэгдсэн байна. Шувууны мах экспортлогч гол орнуудад шувууны ханиад дэлгэрч нийлүүлэлт буурснаар шувууны махны үнэ ч бас өсөөд байна.
Ер нь хүнсний бүтээгдхүүний үнэ коронавирусын цар тахал дэлгэрч эхэлсэн 2020 оны эхнээс өсч эхэлсэн нь 2021 оны туршид тасралтгүй үргэлжилж Орос улсаас Украин руу цэрэглэн халдсанаар улам огцом өсөөд байгаа нь энэ.