Дэлхий дахинд
Францын ерөнхийлөгчийн сонгуульд Макрон тэргүүлж байна
Францын ерөнхийлөгчийн сонгуульд Макрон тэргүүлж байна
Францад болж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 95 хувийг тоолоход өнөөгийн ерөнхийлөгч Эммануэль Макрон 27.41 хувийн санал авснаар нэр дэвшигчдийг тэргүүлж байна хэмээн тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.
Макроны дараа Марин Ле Пен 24.03 хувийн санал авсан бол гуравдугаарт зүүний “Дэвшигч Франц” намын дарга Жан-Люк Меланшон 21.57, дөрөвдүгээрт “Байлдан дагуулалт” намыг үндэслэгч, барууны нэр дэвшигч Эрик Земмур 6.97 хувийн санал аваад байгаа юм байна. Баруун төвийн “Бүгд найрамдахчууд” намаас нэр дэвшигч Валери Пекресс 4.75 хувийн саналаар тавдугаарт жагсаж байна.
Нийслэл Парисын бүсийн сонгогчдын саналын 45 хувийн тоолоход Макрон 30.41 хувийн саналаар тэргүүлж байгаа юм байна. Зөвхөн нийслэл хотод гэхэд л саналын хуудасны 42 хувийг нь тоолоход Макрон 38.99 хувийн санал авч тэргүүлж байгаа бол түүний гол өрсөлдөгч Ле Пен 5.39 хувийн санал авсан дүн гарчээ.
Нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авахгүй бол ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 24-нд болно.