Дэлхий дахинд
“Сирийн алуурчин” генерал Дворников Украин дахь оросын армийг командлах уу
ОХУ-ын Украин дахь цэргийн ажиллагаа бүтэлгүйтэн ихээхэн хохирол үзэж байгаагаас Путин тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өмнө украинд ялалт байгуулахын тулд “Сирийн алуурчин” гэж нэрлэгдсэн генерал Александр Дворниковыг цэргийн тусгай ажиллагааны командлагчаар томилох гэж байна хэмээн өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Дворниковын удирдлагын дор оросын зэвсэгт хүчин Сирийн иргэний дайны үеэр энгийн ард иргэдийн эсрэг өргөн хүрээний харгис ажиллагаа явуулснаараа нэрд гарсан нэгэн.
Өдгөө 60 настай генерал Дворников зөвлөлтийн үеийн цэргийн боловсролтой, 1982 оноос цэргийн алба хаасан, тулаанд ялахын тулд иргэний байгууламжуудыг ч болов газартай тэгшлэх ёстой гэж үздэг хуучинсаг үзэлтэн гэнэ. “Өөрийнхөө үеийнхний дунд “хүнд гар” гэгддэг Дворников оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовын оронд бэлтгэгдэж байгаа хүн гэж Лондонгийн их сургуулийн коллежийн хүндэт профессор, Оросын зэвсэгт хүчин судлаач Марк Галеотти хэлснийг The Washington Post сонинд нийтэлжээ.
Чеченийн хоёрдугаар ажиллагаанд оролцож байсан Дворников 2015 онд Сири дэх оросын цэргийн комнадлагчаар томилогджээ. Генерал сирийн баруун хойд эрэгт нисэх бааз байгуулан бөмбөгдөгч онгоцуудаа илгээн Идлиб мужийн хот суурингуудыг бөмбөгдөж сүйтгэсэн байна. Сирийн хоёр дахь хот Алеппог унасны дараа оросын бөмбөгдөгч онгоцууд Хмеймим баазаас байнга хөөрч сургууль, эмнэлэг, хүмүүс талханд дугаарласан худалдааны газар, захыг бөмбөгддөг байж.
Сирид ийм үүрэг гүйцэтгэсэн зарим нисгэгч нь өнөөдөр Украины тэнгэрт амиа алдаж байна.
Сирийн армиас зугтаж гарсан дэд хурандаа Фарес аль-Баюш оросын генерал Дворниковын тухайд энэ захирагч бол “газартай тэгшлэх” стратеги баримталдаг, хот сууринг эзлэхийн тулд урт хугацаагаар бүсэлж, агаараас бөмбөгдөн олон мянган хүний аминд хүрч, барилга байгууламж, орон сууцны хороолол дэд бүтцийг хайр найргүй устгадаг хүн гэжээ. “Ийм бодлогоороо тэр маш их туршлагатай хүн. Энэ бол цэргийн гэмт хэрэгтэн” гэж аль-Баюш Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Үүнийх нь төлөө Сирийн кампанийг амжилттай удирдсан хэмээн Владимир Путин генерал Дворниковыг 2016 онд ОХУ-ын баатар цолоор шагнажээ.
Афганистанд НАТО-гийн хүчний командлагч байсан, ерөнхийлөгч Барак Обамагийн үед Тагнуулын төв газрыг толгойлж байсан америкийн генерал Дэвид Петреус Оросын командлалын гол зорилго нь тавдугаар сарын 9-нд болдог ялалтын баярын өмнө Украинд ялах явдал гэсэн байна.
Петреус оросын давшилтын гол бай нь энгийн ард иргэд л болно, “Оросууд Сирид бүхэл хорооллыг газартай тэгшилж байсан. Тэд Алеппод, өөр бусад районуудад яг ингэж байсан. Ийм л юм болох байх гэж би бодож байна” гэж хэлжээ
Гэхдээ Дворниковыг украины цэргийн ажиллагааны командлагчаар томилсноор дайны явцыг өөрчилж чадна гэдэгт америкийн албаныхан итгэхгүй байна.
“Ямар ч генералыг томиллоо гэсэн Орос улсын Украин дахь ажиллагаа сүйрч байна” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнгөрөгч ням гарагт CNN телевизээр ярихдаа мэдэгджээ. “Энэ генерал зүгээр л украины энгийн ард иргэдийн эсрэг харгислал, гэмт хэрэг үйлдэгчдийн нэг болно” гэж тэр хэлсэн байна.
Америкийн чөлөөнд гарсан генерал Марк Гертлинг бас Дворниковын тухайд “Түүний удирдаж байсан байлдааны ажиллагаануудаас харахад түүнийг алуурчин л гэж нэрлэж болно. Түүний удирдсан кампани нь Сирид ч тэр, Грозныйд ч тэр энгийн ард иргэд рүү замбараагүй дайрч энгийн иргэдийг хайр найргүй устгадаг хүн” гэж хэлснийг CNN дамжуулжээ.
Чеченьд байлдаж явсан, оросын сэтгүүлч, нийтлэлч Аркадий Бабченко генерал Дворниковын тухайд зорилгоо биелүүлэхийн тулд цэргүүд, хүн хүчээ огт хайрладаггүй хүн онцолсон байна.
Цэргийн стратегич Гвитиан Принс ВВС агентлагт тайлбар өгөхдөө “Дворниковыг украин руу томилж байгаа нь оросууд ялалт байгуулахын тулд украинчуудын эсрэг терророо үргэлжлүүлэх нь тодорхой байна” гэснийг detaly.co.il хэвлэлд бичжээ.