Дэлхий дахинд
Украинчууд сайн дураараа аврагчаар ажиллаж байна
Оросын цэргийн ажиллагааны үеэр пуужин, суманд өртөн нурж сүйрсэн барилга байгууламжийн нурангийг цэвэрлэх, аврахаар найман мянга гаруй иргэн сайн дураараа ажиллаж байна гэж Украины Онцгой байдлын газар мэдээлжээ. Сайн дурынхны аюулгүй байдлыг хангахын тулд саперууд цаг наргүй ажиллаж байгаа юм байна.
“Сайн дурынхны талаас илүү хувь нь нийслэл Киев хот, Киев мужид ажиллаж байна. Сайн дурынхныг зургаа хоногийн турш бүртгэсэн. Хүмүүс олноороо ирж байгаа нь үнэхээр бахархалтай. “Би бүртгүүлчихлээ, хэзээ хаана очих вэ” гэж утасдаж байна. Иргэд маань хүмүүст туслах гэж чин сэтгэлээсээ хандаж байна” гэж Аврах албаныхан мэдээлжээ.
Гэсэн хэдий ч Оросын цэргүүд суурин газар, ой, эко системийг минажүүлж, олон тооны урхи, тэсрэх бодис тавьсан нь хэзээ мөдгүй дэлбэрч барилгын нуранги цэвэрлэх, аврах ажил хийж байгаа хүмүүс аюулд өртөж болзошгүй байгаа болохоор ингэж хандсан бүхнийг нэгэн зэрэг бүртгэж ажиллуулах боломж муу байна гэж Онцгой байдлын алба онцолжээ.
“Украин бол түрэмгийлэгч орон биш болохоор хүн бүрийн амьдралыг үнэлж хайрладаг. Нуранги цэвэрлэж, хүмүүсийг аврахаар ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд манай сапёрууд цаг наргүй ажиллаж байна” гэж аврагчид онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ-аас украины эсрэг цэргийн тусгай ажиллагаагаа хоёрдугаар сарын 24-нд эхлүүлж Киев, Харьков, Днепр дэх цэргийн байгууламжууд руу пуужингийн цохилт өгснөөр орон сууцны хороолол, иргэний байгууламжууд ихээхэн сүйрсэн юм.