Дэлхий дахинд
ОХУ-д халдсан тохиолдолд Киевт цохилт өгнө гэв
Украины цэргүүд Оросын нутаг дэвсгэр лүү цохилт өгөх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаа үргэлжлүүлэх юм бол ОХУ-ын зэвсэгт хүчин Украины төв нутаг, нийслэл Киевт цохилт өгөх болно гэж Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков дөрөвдүгээр сарын 13-нд хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээрээ дурдсан байна.
Украины зэвсэгт хүчний зүгээс Оросын холбооны улсын нутаг дэвсгэр, байгууламжууд руу дайрах, хорлон сүйтгэх явдал гарсаар байгааг Батлан хамгаалах яам анхааран ажиглаж байгаа гэж Конашенков онцолжээ.
“Хэрвээ ийм үйлдэл үргэлжилсээр байх юм бол Оросын зэвсэгт хүчин өнөө хүртэл тэвчиж байснаа больж украины төв, үүн дотор Киев рүү цохилт өгөх болно” гэж хошууч генерал хэлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн Украинтай залгаа Оросын хилийн зарим мужуудад террорист аюулын түвшин нэмэгдээд байгаа юм. Крымийн умардын тав, дорно зүгийн хоёр дүүрэгт аюулын “Шар” түвшин зарлаад байна. Мөн Краснодарын хязгаар, Белгород, Брянск, Курск мужуудад, Воронеж мужийн хоёр районд террорист аюулын өндөржүүлсэн түвшин тогтоожээ.
Дөрөвдүгээр сарын 13-нд гэхэд л Курск мужийн Гордеевк тосгоны дэргэдэх хилийн шалган нэвтрүүлэх цэгт буун дуу сонсогдсон байна. Оросын хилчил хариу гал нээжээ.