Дэлхий дахинд
Оросын томоохон компаниудын удирдлагад ажиллаж байсан хоёр хүн гэр бүлийн гишүүдийн хамт амиа алдсан байна
Энэ долоо хоногийн эхээр Оросын томоохон компаниудын удирдлагад ажиллаж байсан хоёр хүн 24 цагийн дотор амиа алдсан нь олны анхаарлыг татаад байна.
Тэдний гэр бүлийн гишүүд бас хамт амиа алдсан юм.
Даваа гарагт Владислав Аваев эхнэр, хүүхдийн хамт алагдсан байсныг Москва дахь гэрээс нь олсныг ТАСС агентлаг мэдээлжээ.
Аваев өмнө нь Газпромбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.
Түүнийг эхнэр, охин хоёрынх нь хамт буудаж хөнөөсөн байна.
Маргааш нь буюу Мягмар гарагт Оросын өөр нэг олигархийн цогцос Испанийн далайн эргийн Ллорет де Мар хотын нэг орон сууцнаас олджээ.
Сергей Протосени дүүжлүүлсэн байсан бол эхнэр, охин хоёрынх нь цогцос хутганы шархтай олдсон байна.
Испанийн мөрдөгчид үүнийг “амиа хорлолт байдалтай харагдуулсан аллага” гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Хэргийн газраас цустай хутга, сүх олдсон ч ямар нэг гэрээслэл, зурвас олдоогүйг цагдаагийн газар мэдээлсэн байна.
Протосени нь Оросын хоёр дахь том байгалийн хий үйлдвэрлэгч Новатек компанийн удирдах зөвлөлд 1997-2015 оны хооронд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Түүний хөрөнгийн хэмжээг $440 сая орчим гэж Испанийн La Vanguardia сонин өөрийн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Новатек компаниас Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд Протосенийг өрхийн сайн тэргүүн, хүчирхэг хувь хүн гэж тодорхойлоод амиа хорлосон гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Одоогоор хоёр олигархийн нууцлаг үхэл хоорондоо холбоотой эсэх талаар ямар нэг баримт, таамаг гараагүй байна.