Дэлхий дахинд
Илон Маск Tвиттер компанийг худалдаж авахаар болсны дараа Теслагын хувьцаа 12 гаруй хувиар унажээ
Теслагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск нийгмийн сүлжээний Tвиттер компанийг 4.4 тэрбум доллараар худалдаж авахаар болсон тухай мэдээ гарсны маргааш нь буюу орон нутгийн цагаар 26-ны өдөр Теслагийн хувьцааны үнэ 12 гаруй хувиар унажээ.
Уолл Стрит Журнал сонины мэдээлснээр Теслагийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржийн технологид төвлөрсөн Nasdaq зах зээл дээр өмнөх өдрөөс 12.18 хувиар (121.60 доллар) буурч 876.42 ам.доллараар хаагдсан нь сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн их уналт болсон байна. 2020 оны есдүгээр сард Теслагийн хувьцааны үнэ 21%-иар унасан нь Standard & Poor’s (S&P) 500 индекст багтаж чадаагүйтэй холбоотой байсан юм.
Маск энэ сарын эхээр Твиттерийн 9.2 хувийг худалдан авч, тус компанийн хамгийн том хувь эзэмшигч болсноо зарласнаас хойш Теслагийн хувьцаа 23 орчим хувиар унаад байна. Маск Твиттерийг өөрийн болгосны дараа Теслагийн хувьцааны үнэ огцом унаж буй нь Теслагийн хувьцаа эзэмшигчдийн санаа зовниж буйг илэрхийлж байх магадлал өндөр байна хэмээн АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэжээ.
Учир дэлхийн хамгийн баян эрхэм болох Илон Маск өөрийн хөрөнгийн ихэнх хувийг Теслагийн хувьцаа хэлбэрээр эзэмшдэг. Тэрээр Твиттерийн худалдан авалтын санхүүжилтийг өөрийн эзэмшлийн Теслагийн хувьцааг барьцаалан зээл авч шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Уолл Стрит Журнал сонинд мэдээлснээр Маскын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) хүргүүлсэн Твиттерийн санхүүжилтийн төлөвлөгөөний хүрээнд 25.5 тэрбум орчим ам.долларын зээл босгохоор төлөвлөж байгаа бөгөөд зээлээ эрт эргүүлэн төлөх гэх мэт дарамттай тулгарч магадгүй гэж мэдэгджээ.