Дэлхий дахинд
Африк тивд хоёр сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байна
Африк тивд сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй ган гачиг болсноос хоёр сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байна. Энэ талаар НҮБ-ын тусламжийн тэргүүн Мартин Гриффитс өчигдөр /2022.04.26/ мэдэгдлээ.
Кени, Этиоп, Сомали улсын зарим хэсэг сүүлийн 40 гаруй жилийн турш хуурайшилттай байна. Арваад жилийн өмнө хэдэн зуун мянган хүний амийг авч одсон өлсгөлөн ахин давтагдах вий гэж тусламжийн агентлагууд санаа зовж буй.
Швейцарийн Женевт болсон хаалттай бага хурлын үеэр НҮБ-ын тусламжийн тэргүүн хэлэхдээ, тус байгууллагад ган гачигтай тэмцэх мөнгө тун бага байгаа гэжээ. Сайн мэдээ нь хандивлагчид 1.4 тэрбум ам.доллар хандивлахаар болсон байна. Хаалттай бага хурлыг Европын холбоо хамтран зохион байгуулсан. Тус холбооноос бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын төлөө 633 сая еврогийн санхүүжилт зарласан бол Канад улс 73 сая евро төсөвлөжээ.
“Орос, Украины дайн нь дэлхий нийтийн анхаарал, тэр дундаа санхүүгийн анхаарлыг өөр тийш нь эргүүлэх эрсдэлтэй байна” гэж Мартин Гриффитс сануулжээ.
Африкийн бүс нутагт 15 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд малчид гурван сая орчим малаа алдсан байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар засгийн газар хоорондын комиссоос мэдээлснээр, ирэх арван жилд агаарын хэм өссөөр байх тул хэт халалт, ган гачиг, хур тунадас улам бүр нэмэгдэнэ гэв.