Дэлхий дахинд
Энэтхэгийн нийслэл Дели хотын асар том хогын цэг шатаж иргэд нь дүрвэхэд хүрчээ
Лхагва гарагт Энэтхэгийн нийслэл Дели хот хоёр дахь өдрөө өтгөн утаанд автсан нь тус хотын ойролцоох аварга том хогийн цэгт гал түймэр гарсантай холбоотой байв.
Дели хотын хойд захад оршдог хог хаягдлын цэг нь 50 хөл бөмбөгийн талбайг нийлүүлснээс том талбай эзэлдэг, 17 давхар барилгатай тэнцэх өндөртэй юм.
Түймрийн улмаас хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэд орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн байна.
Энэтхэг улсад аагим халууны улирал эхэлсэн нь гал түймэр гарах нөхцөл болж буйг мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Дели хотын ойролцоох бусад хогийн цэгүүдэд саяхан бас гал гарч байв.
Одоо шатаж буй хог хаягдлын цэгийг арваад жилийн өмнө хаах шийдвэр гарч байжээ. Гэвч шийдвэр хэрэгжиж чадалгүй өдөр бүр 2,300 гаруй тонн хог нэмэгдсээр байна.
Органик хог хаягдал ялзарч муудсанаас шатамхай метан хий хуримтлагдсан нь гал гарах бас нэг нөхцөл болжээ.
Мягмар гарагт гал сөнөөгчид хогийн цэг дээр ажилласан ч шөнө нь асар том галт уул өглөө хүртэл шатсаар байсан гэнэ.
Өнгөрсөн гуравдугаар сар Энэтхэгийн сүүлийн 100 жилийн түүхэнд тохиолдоогүй халуун сар болсон юм. Дөрөвдүгээр сард ч энэ байдал үргэлжилжээ.
Мягмар гарагт Энэтхэгийн хэд хэдэн хотод агаарын температур Цельсийн +43 хэм хүрсэн ч ойрын үед буурах төлөвгүй байна.
“Энэтхэгт одоо үргэлжилж буй агаарын халалт нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой” гэж Лондоны Империал Коллежийн цаг уур судлаач, доктор Фредерик Отто хэлж байна.
Дэлхийн нийтээр агаар мандалд хүлэмжийн хий нэмэхээ зогсоохгүй бол ийм агаарын халалт цаашид хэвийн үзэгдэл болох төлөвтэйг тэр анхааруулжээ.