Дэлхий дахинд
Украинд айлчлах улс төрч, алдартнуудын цуваа
АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден өчигдөр буюу Ням гарагт Украины газар нутагт хөл тавьж, тус улсын тэргүүн хатагтай Олена Зеленскийтэй уулзжээ.
Тэрбээр Баасан гарагаас дорнод Европын орнуудаар айлчилж эхэлсэн бөгөөд Ням гарагт Словакын нутгаас баруун Украины Ужгород хотод зочлоод буцсан байна.
Ингэснээрээ Жилл Байден дайн өрнөж буй Украины нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болжээ.
“Би Ээж нарын өдрийг тааруулан энд ирлээ. Энэхүү харгис дайныг зогсоох ёстой, Украины ард түмэнтэй АНУ-ын ард түмэн эв санааны нэгдэлтэй байгааг харуулах нь чухал гэж би бодлоо” хэмээн Украины тэргүүн хатагтай Олена Зеленскийтэй уулзахдаа Жилл Байден хэлсэн байна.
Хатагтай Зеленский хариуд нь дайны талбарт зориг гарган ирсэн АНУ-ын тэргүүн хатагтайд талархал илэрхийлжээ.
Жилл Байден, Олена Зеленский нар дайнаас дүрвэгсдийн хоргодох байр болсон дунд сургуулийн байранд уулзаж, тэнд байгаа хүүхдүүдэд бэлэг тараасан байна.
Ням гарагт бас Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийжээ.
Энэ үеэр тэр Киев хотод Канадын элчин сайдын яамыг дахин нээж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахдаа тус улсад үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж буйг дуулгасан байна.
Трюдо бас Оросын цэргүүд энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн Ирпин тосгонд зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Ням гарагт дэлхий дахинд алдартай U2 рок хамтлагийн гишүүд бөмбөгдөлтөөс хоргодох байр болон ашиглагдаж буй Киевийн метроны өртөөн дээр тоглолтоо хийсэн нь гэнэтийн сонин үйл явдал байлаа.
Тус хамтлагийн гоцлол дуучин Боно, гитарчин Дэвид Ховел Эванс нар хэд хэдэн хит уран бүтээлээ украинчуудад хүргэсэн юм.
“Украины ард түмэн зөвхөн өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө бус, эрх чөлөөнд хайртай хүн бүхний өмнөөс тулалдаж байгаа юм” гэж Боно энэ үеэр хэлжээ.
Тэрбээр төрөлх Ирланд нь түүхийнхээ турш Их Британитай хэрхэн дайтаж байсан, өнөөдөр эдгээр улсууд ямар тайван амгалан амьдралтай болсныг дурдсан байна.
“Та бүхнийг ийм амар амгалан амьдралтай хурдан золгуулахын төлөө бид залбирч байна” гэж Боно тоглолтынхоо үеэр хэлжээ.
Боно Украинд тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн урилгаар ирснийг U2 хамтлагийн твиттер хуудсанд мэдээлсэн байна.