Дэлхий дахинд
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Ялалтын парадын үеэр хэлсэн үг
Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын жагсаал дээр уламжлалт ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэв.
Тэрбээр “Эх орноо хамгаалах нь хэзээд ариун үйл байсан. Энэ эх оронч үзлээр бүхий л дайн, тулаанд эрэлхэгээр тулалдаж байсан. Энэ сэтгэлээр өнөөдөр Донбассст тулалдаж байна.
Олон улсын харилцаанд үүссэн бүхий л үл ойлголцлыг үл харгалзан ОХУ үргэлж аюулгүй байдлын тэгш бөгөөд нэгдмэл тогтолцооны төлөө зогсож байлаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бид аюулгүй байдлын баталгааны талаар гэрээ байгуулах санал гаргасан. Орос улс өрнөдийн улс орнуудад шударга, харилцан буулт хийсэн, бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн яриа хэлэлцээ хийхийг уриалж байсан. Гэвч НАТО-гийн улс орнууд биднийг сонсохыг үл хүссэн. Үнэн хэрэгтээ тэд тэс өөр төлөвлөгөөтэй байсан гэсэн үг юм. Үүнийг бид бүгд харлаа.
НАТО-гийн улс орнууд Донбасст залхаан цээрлүүлэх ажиллагааг явуулах, манай түүхэн газар нутаг руу дайрахаар илт бэлтгэж, Киев цөмийн зэвсэгтэй болохоор зэхэж буйгаа ил тодоор зарлаж байсан. НАТО-гийн улс орнууд Оросын хилтэй залгаа бүс нутагт түрэмгийлэхээр идэвхтэй бэлтгэж, хэзээ ч зөвшөөрч үл болох аюул, заналхийлэл учруулах болсон. Аюул өдөр ирэх тусам өсөж байсан. Орос улс энэхүү түрэмгийлэлд урьдчилсан няцаалт өгсөн. Энэ бол цаг үеэ олсон, цорын ганц зөв шийдвэр байсан. Энэ бол тусгаар тогтносон, хүчтэй, бие даасан улсын шийдвэр байсан.
Өнөөдөр Донбасс, Оросын армийн цэргүүд өөрийнхөө газар нутаг дээр тулалдаж байна. Энэ газар нутагт тэдний өвөг дээдэс дайснаа ялж байсан.
Өнөөдөр бид Агуу их эх орны дайнд амь үрэгдсэн бүх хүн, 2014 оны тавдугаар сард Одесст амьдаараа шатаалгасан, балмад неонацистуудын цохилтод амиа алдсан Донбассын өвгөд хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.
Өнөөдөр олон үндэстэн, ястныг төлөөлсөн манай дайчид ах дүүгийн хувиар бие биенийгээ сумнаас халхалж байна. Үүнд Оросын хүч чадал, олон үндэстэн, ястнаас бүрдсэн нэгдмэл ард түмний хүч оршиж байна.
Өнөөдөр та бүгд өвөг, эцгийнхээ тулалдаж байсан тэр зүйлийг хамгаалж байна. Тэдний хувьд эх орны сайн сайхан, аюулгүй байдал амьдралынх нь утга учир байсан. Тэдний үр хойч болсон бидний хувьд эх орондоо үнэнч байх нь гол үнэт зүйл, Оросын тусгаар тогтнолын найдвартай тулгуур юм.
Агуу их эх орны дайнд нацизмыг бут цохисон бүх хүн бүхий л цаг үеийн баатарлаг үйлсийн үлгэр дуурайлал болсон. Тэд бол ялагчдын үе, бид үргэлж тэднийг даган дуурайх болно” гэв.