Дэлхий дахинд
Ким Чен Ун эмийн сангуудад эм нийлүүлэх ажилд цэргийнхнийг дайчлав
Умард Солонгост коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын удирдагч Ким Чен Ун эмийн сангуудад эм нийлүүлэх, хүргэх ажилд цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах тушаал өглөө хэмээн Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлснийг Рёнхап агентлаг дамжууллаа.
Коронавирусын цар тахал дэлгэрч эхэлснээс хойш анх удаагаа тус улсад COVID-19-ийн анхны тохиолдол илэрсэн юм. Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлснээр бол дөрөвдүгээр сарын сүүлчээс тус улсад “үл мэдэгдэх халдвар” илэрсэн юм байна. Умард Солонгосын төрийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол энэ нь коронавирусын халдвар гэж байгаа боловч яг хэдэн хүн халдвар авч өвчилсөн талаар тодорхой мэдээлэхгүй байна.
Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо шуурхай хуралдаж удирдагч Ким Чен Ун эмийн сангуудад эм хүрэлцээгүй байгаа учраас эрх баригчид “улсын нөөцөөс эм бэлдмэл гаргаж эмийн сангуудад яаралтай хүргэх”, “эмийн сангуудыг 24 цагаар ажиллах дэглэмд шилжүүлэх” үүрэг өгсөн байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан БНАСАУ-ын тэргүүн “нийслэл Пеньянд эм нийлүүлэх ажлыг нэн даруй тогтворжуулах, үүний тулд Ардын армийн цэрэг, эмнэлгийн хүчнийг дайчлан ажиллуулах чиглэл өгсөн гэж умард солонгосын мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурджээ.
Умард Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр бол сүүлийн хоногт найман хүн коронавирусын халдвараар нас барж нийт нас барсан хүний тоо 50 хүрчээ. Эдгээр хүний хамгийн багаар бодоход нэг нь коронавирусын “омикрон” BA.2 хувилбараар өвчилсөн нь шинжилгээгээр илэрсэн гэж үүний өмнө мэдээлж байсан юм.
Нөхцөл байдал ийм байгаагаас Умард Солонгост “халдвар тархалтын эсрэг онцгой дэглэм” тогтоож, удирдагч Ким Чен Уны шийдвэрээр бүхий л хот, гацаануудад хөл хорио тогтоогоод байгаа юм байна.