Дэлхий дахинд
Ригаг чөлөөлөгчдийн хөшөө буулгахыг Латвийн ерөнхийлөгч дэмжлээ
Латвийн нийслэлд байдаг Ригаг чөлөөлсөн улаан армийн дайчдын хөшөөг буулгахаар Рига хотын дум шийдвэр гаргасныг дэмжихийг Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитс ард иргэддээ уриалсан байна.
Латвийн парламент үүний өмнө Оростой байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээр дэх зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалуудыг хамгаалах тухай заалтаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Лхагва гарагт цагдаагийнхан хөшөө рүү очих замыг хааж, тавдугаар сарын 9-нд тавьсан цэцгүүдийг трактораар хамж хураасан байна. Улмаар пүрэв гарагт Латвийн парламент тус хөшөөг буулгахыг зөвшөөрчээ. Рига хотын дум баасан гарагт энэ талаар санал хурааж хөшөөг буулгахаар болсон байна.
“Сүүлийн долоо хоногт Пардаугаве дэх зөвлөлт оросын булаан эзлэгчдийн үлдээсэн байгууламжийн цаашдын хувь заяаны талаар шийдвэр гаргалаа.
Оросын суртал нэвтрүүлгийн илэрхийлэл болсон энэ байгууламжийг цаашид буулгана. Ингээд Ригийн дум үүнийг буулгах шийдвэр гаргасан. Энэ байгууламжийн хор уршиг нь нэг хотын хэмжээнээс давж байна. Тэгэхээр Рига хотын зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүнд суртлын бүх саад тотгорыг арилгахын тулд үүнийг татан буулгах шийдвэрийг Сейм гаргасан нь чухал юм” гэж Ерөнхийлөгч Левитс хэлжээ.
Тэртээ 1940 онд Зөвлөлт холбоот улс Балтийн орнуудыг эзэлсэн гэдэг яриа байж болохгүй гэж Оросын удирдлага удаа дараа мэдэгддэг. Балтийн орнуудыг Зөвлөлт холбоот улсад нэгтгэсэн нь тухайн үеийн олон улсын эрхзүйн хэм хэмжээнд нийцсэн ажиллагаа байсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам тайлбарладаг. Оросын Гадаад хэргийн яамныхаар бол энд “түрэмгийлэл” гэдэг нэр томъёо ашиглаж болохгүй, Зөвлөлт холбоот улс, Балти орчмын улсуудын хооронд цэргийн ямар ч үйл ажиллагаа болоогүй, харин зөвлөлтийн цэрэг энэ улсуудын засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр орж очсон гэнэ. Үүнээс гадна Латви, Литва, Эстони улсууд бүхий л цаг үед Зөвлөлт холбоот улсын бүрэлдхүүнд байж үндэсний засгийн газрууд нь үйл ажиллагаагаа явуулж байсан гэж тайлбарлажээ.