Дэлхий дахинд
Орост сүүлчийн хонхны баяраар багш, сурагч хоёр зодолджээ
ОХУ-ын Приморийн хязгаарын Дунай сууринд төгсөлтийн сүүлчийн хонхны баяраар насанд хүрээгүй хүүхэд, тус сургуулийн хоёр ажилтан зодолдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэж Приморийн хязгаарын Дотоод хэргийн газрын хэвлэлийн албаны даргын орлогч Екатерина Хабарова мэдэгдсэн байна.
Дунайн сургуулийн төгсөлтийн баяраар сурагч нь түүхийн багштайгаа маргалдаж энэ нь зодоон боллоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Цагдаагийн байгууллагын шалгаснаар бол тус тосгоны 41 настай эмэгтэй мэдүүлэгтээ 17 настай охиныг нь хоёр эмэгтэй зодож гэмтэл учруулсан гэжээ.
“Үүний мөрөөр шалгахад орон нутгийн сургуулийн 35, 36 настай хоёр эмэгтэй охинд гэмтэл учруулсан нь тогтоогдож байна” гэж Хабарова мэдээлжээ. Одоо хэргийг цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байгаа юм байна.