Дэлхий дахинд
АНУ-д бага сургуульд гэмт этгээд 21 хүний амь хөнөөлөө
Гар буугаар зэвсэглэсэн 18 настай Сальвадор Ромас гэгч этгээд энэ сарын 24-ний өдөр АНУ-ын Техас мужийн Ювалд хотын бага сургуульд гал нээж 19 хүүхэд, хоёр том хүний аминд хүрсэн эмгэнэлт хэрэг гарлаа гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Гэмт этгээд эхлээд сургуулиас холгүй буудаж эхэлснээ дараа нь зугтан, нуугдсан байна. Техас мужийн амбан захирагч Грег Эбботын хэлснээр бол гэмт этгээд гар буутай байсны зэрэгцээ бас винтовтай байсан гэнэ.
Цагдаагийнхан сэжигтнийг саатуулсан гэж эхлээд мэдээлснээ дараа нь түүнийг устгасан гэжээ. Хотын цагдаагийн газрын төлөөлөгч Пит Арредондо гэмт этгээдийг ганцаар байсан гэж хэлсэн байна.
Гэмт халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсээс гадна 13 сурагч, насанд хүрсэн нэг хүн шархаджээ. Эднээс хоёр хүүхдийн Сан-Антониод хүргэсэн байна.
Гэмт этгээд Ромас сургуульд халдахаасаа өмнө өөрийнхөө эмээг бас буудсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Одоо эмээ нь эмнэлэгт байгаа гэж мужийн сенатч Роланд Гутьеррес мэдэгджээ.
Бага сургуульд болж олон хүүхдийн аминд хүрсэн ийм гэмт хэрэг сүүлийн арван жилд хамгийн их хөнөөлтэй хэрэгт тооцогдож байна гэж Associated Press агентлаг бичсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден амь үрэгдэгсэд болон шархдаж гэмтсэн хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлээд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж төрийн байгууллагууд, цэргийн баазууд, тэнгисийн хөлгүүд болон гадаадад байгаа америкийн байгууллагуудад төрийн далбааг бөхийлгөх үүрэг өгчээ.