Дэлхий дахинд
Дэлхийн баячуудыг өлсгөлөнгийн эсрэг тэмцэхийг уриалав
Дэлхийн хамгийн баян хүмүүс хөрөнгийнхөө багахан хувийг хандивласнаар дэлхийн өлсгөлөнг эрс бууруулж чадах бөгөөд үүнийг хийх цаг нь болсон гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн мэдэгдэв. Тус агентлагийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли энэ долоо хоногт Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалтын үеэр “Associated Press” агентлагт хэлэхдээ, Элон Маск, Жефф Безос зэрэг тэрбумтнуудыг мөнгө хандивлахыг дахин уриалав.
“Дэлхий ертөнц үнэхээр ноцтой асуудалд ороод байна. Энэ зүгээр хэлээд өнгөрөх зүйл биш. Одоо л босч, нэгдэх хэрэгтэй. Учир нь та дэлхийд хэрэгтэй байна” гэжээ.
Бисли өнгөрсөн жил Маск болон Твиттерт энэ сэдвээр хийсэн уулзалтын талаар дурджээ. Бисли “CNN”-д өгсөн ярилцлагадаа Маскаас зургаан тэрбум ам.доллар хандивласнаар өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа 42 сая хүнд тусалж чадна гэж хэлсэн байна. Үүний дараа Маск хэрэв Бислид мөнгө хаашаа явах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл Теслагийн хувьцааг зарж хандив өгөхөө амласан байна.
“Хэрвээ Дэлхийн хүнсний хөтөлбөр энэ твиттер хуудсандаа зургаан тэрбум доллар дэлхийн өлсгөлөнг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тайлбарлаж чадвал би яг одоо Теслагийн хувьцааг зарж, үүнийг хийх болно” гэж Маск бичжээ.
Бисли хариулахдаа: “Зургаан тэрбум доллар дэлхийн өлсгөлөнг шийдэж чадахгүй ч геополитикийн тогтворгүй байдал, олноор нүүдэллэхээс сэргийлж, өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа 42 сая хүнийг аварна. Ковид, цаг уурын хямралаас үүдэлтэй урьд өмнө байгаагүй хямралаас хамгаална” гэжээ.
Бисли дараа нь Твиттер хуудсаараа дамжуулан мөнгийг хэрхэн ашиглах талаар дурдсан. Тэрбээр Давост “AP” агентлагт өгсөн ярилцлагадаа “Маск зургаан тэрбум ам.долларын мэдээллийг санд оруулсан. Бүгд мөнгө бидэнд ирсэн гэх боловч хандивын мөнгө нь хараахан орж ирээгүй байна. Тиймээс би найдаж байна” гэв.