Дэлхий дахинд
Ойрын 20 жилд шинэ цар тахал дэгдэж болзошгүй гэж Билл Гейтс мэдэгдлээ
Ойрын 20 жилд хүн төрөлхтөн шинэ төрлийн цар тахал, халдвартай учрах магадлал 50 хувь гэж Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс испанийн онлайн El Diario сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Түүнийхээр бол энэ нь сармагчны цэцэг өвчин биш гэсэн байна.
Вирусээс үүдэлтэй шинэ тахал дэлгэрч болохыг хүн төрөлхтөн хэдийнээ мэдэж байгаа гэж Билл Гейтс хэлжээ. Түүнийхээр бол энэ нь “Хүний бүтээсэн вирус байж болох юм. Энэ бол газар бүрт нэгэн зэрэг тархаж болохоор аймшигтай явдал” гэж тэр хэлж байна.
Шинэ вирус нь шинэ экосистемд хүний үйлдлийн нөлөөллөөс үүдэн “байгалиас” гарч мэдэх юм гэж тэр үзэж байна. “Тэгэхээр ойрын 20 жилд ийм тахал дэлгэрэх нь яг л цаг уурын өөрчлөлт шиг 50 хувийн магадлалтай” гэж тэрбумтан мэдэгджээ.
Харин сармагчны цэцэг нь Европт шинэ цар тахал болж дэлгэрэхгүй гээд энэ өвчин Европт тархах шалтгааныг эрдэмтэд судалж тогтох шаардлагатай гэсэн байна. “Сармагчны цэцэг өвнөөс айж байгаа ч миний бодлоор бол энэ нь дараагийн том цар тахал болохгүй. Хэрэв коронавиурсын цар тахал байгаагүй бол сармагчны цэцэг өвний талаар нэг гайхахгүй, мэдээлэхгүй байх байсан” гэж ноён Гейтс хэлжээ.
Цар тахалтай тэмцэхийн тулд халдварын үед ажиллах дэлхий дахины бүлэг байгуулах хэрэгтэй. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсвийг 25 хувь нэмэгдүүлэх шаардлагатай болно гэнэ.
Сармагчны цэцэг өвчин нь өнөөдөр дэлхийн 20 гаруй оронд тархаад байгаа юм.