Дэлхий дахинд
Сармагчны цэцэг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
Москвагийн Физик технологийн дээд сургуулийн геномын инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, вирус судлаач Павел Волчков Ura.ru хэвлэлд өгсөн ярилцлагадаа сармагчны цэцэг өвчнөөс сэргийлэхийн тулд танихгүй хүнтэй шүргэлцэхгүй байх, өөрийнхөө бэлгийн хамтрагчийг төрөл бүрийн халдвартай эсэхийг нягталж шинжилгээ өгөхийг шаардаж бай хэмээн анхааруулсан байна.
“Энэ бол хамгаалалтын гол арга. Танихгүй хүнтэй гар барьж шүргэлцэхгүй байх, үнэхээр тэр эрүүл гэж итгэж байгаа тохиолдолд л хавьтах хэрэгтэй. Бэлгийн харьцаанд орохдоо заавал хамгаалалтын хэрэгсэл хэрэглэж бай. Хамгийн гол нь таны бэлгийн хавьтагч халдвар тээгээгүй эрүүл гэдэг итгэлтэй байх хэрэгтэй. Цус болон физиологийн шингэнээр дамжих, бэлгийн замаар халдварлах халдвартай эсэхээ шинжлүүлсэн эсэхийг нь асуух нь дээр” гэж мэргэжилтэн зөвлөжээ.
Үүний өмнө Екатеринбургийн Вирусын халдвар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Вирус, биотехнологи судлалын “Вектор” төвийн удирдагч, биологийн ухааны доктор Александр Семенов сармагчны цэцэг өвчний баруун африкийн хувилбар нь өмнөх хувилбаруудаасаа ялгаатай, гэхдээ одоогоор онцгой шинж чанар олоогүй байна хэмээн мэдэгдэж байсан юм.