Дэлхий дахинд
Оросын телевиз, сэтгүүлчид НАТО-д дайн зарлахыг уриалж байна
rosbalt.ru. Зургадугаар сарын 1. ОХУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевизүүдээр оросын зүгээс Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг өргөжүүлж НАТО, АНУ, Их Британий эсрэг дайн өдүүлэх хэрэгтэй гэсэн мэдээлэл түгэж, сэтгүүлчид үүнд уриалах боллоо хэмээн гадаадын хэвлэлүүдэд бичиж байна.
Оросын төрийн мэдлийн “Россия1” телевизийн хөтлөгч Ольга Скабеева “60 минут” хөтөлбөрөөр ярихдаа Орос улс, Их Британи, АНУ, болон НАТО-той үндсэндээ дайн зарлаж, цэргийн шинэ ажиллагаа эхлүүлэх хэрэгтэй гэж ярьжээ. “Тэрбээр “Украин дахь оросын цэргийн тусгай ажиллагаа өндөрлөх юм бол зарим утгаараа жинхэнэ дайн, дэлхийн гуравдугаар дайн эхэлж мэдэх юм” гэжээ. Түүнийхээр бол “Бид зөвхөн Украиныг цэрэггүй болгоод зогсох биш бүр НАТО-г бүхэлд нь цэрэг зэвсэггүй болгох хэрэгтэй болж мэднэ” гэнэ.
Шоу нэвтрүүлэгт оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академийн ажилтан Владимир Аватков ч бас Киевийг дэмжиж байгаа өрнөдийн холбоотнуудыг заналхийлэн анхааруулсан байна. “Цэргийн тусгай ажиллагааны явцад хөндлөнгөөс оролцохыг санаархсан хэн боловч асар их үнэ төлнө гэсэн Владимир Владимирович Путины үгийг бид санах ёстой” гэж баяр ёслолын байдалтайгаар мэдэгджээ.
Оросын Думын депутат Олег Матвейчев бас түүнийг дэмжиж Украины хэрэгт хөндлөнгөөс оролцоод байх юм бол “Польшийн өнөөгийн хил ч байх хэрэггүй” гэхэд хөтлөгч Скабеева хөндлөнгөөс нь “Би бол зөвхөн Польшийн тухай ч биш, бас Их Британи, АНУ гээд бүгд ялгаагүй гэж ярьж байна” гэжээ.
Харин хөтлөгчийн Өрнөдийн эсрэг ийм уриалгыг Аватков ер бусаар зөөлрүүлэн, шоунд оролцогсдод хандаж маш тайвнаар “Яарах хэрэггүй….бүх зүйл өөр өөрийн цаг хугацаатай” гэсэн байна. Энэ нь чухамдаа уран сайхны “ДМБ” кинон дээр цэргийнхэн “заавал нуга дарна, гэхдээ одоо биш” гэж амладгийг санагдуулж байна.
НАТО-той дайн хийхийг шууд уриалсан ийм шинэ мэдээлэл, суртал ухуулга оросын төрийн мэдлийн телекомпанийн нэвтрүүлгээр ч явах болоод байгаа.
“Россия-1” телевизийн сэтгүүлч “Вечер с Владимиром Соловьёвым” нэвтрүүлгийн хөтлөгч Владимир Соловьев бас Оросын зэвсэгт хүчин Стоунхенж хүрсэн цагт л Москва өөрийн цэргийн давшилтаа зогсоох болно гэж заналхийлж байна. “Яагаад Стоунхенж гэж” тэр асуугаад яагаад гэвэл тэр чинь Их Британид байдаг юм гэжээ.
Соловьев үүний өмнө мөн л Их Британийг “чулуун зэвсгийн үед нь аваачихын тулд” “Циркон” пуужингаар “цохилт өгөх” хэрэгтэй гэж байсан юм.
Соловьев өөрийн нэг хөтөлбөрийнхөө үеэр Оросууд Донбасс дахь давшилтаа хэзээ зогсоох вэ гэсэн украины нэгэн шинжээчийн асуултад Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Украиныг ил тод дэмжиж, энэ улсад зэвсэг нийлүүлнэ гэсэн учраас оросын дайчид Уилтшир дэх эртний энэ дурсгал хүртэл давшина гэж хариулж байсан юм.
“Бид давшилтаа хэзээ зогсоох хэрэгтэй болно, тэр үед л зогсоно” гэж тэр хэлсэн байна. “Харин хаана зогсох вэ. Миний өмнө нь хэлж байсан шиг Стоунхенжид ч зогсч магадгүй” гэж сэтгүүлч Соловьев хэлжээ. Тэрбээр Оросын Холбооны Улс “НАТО-гийн машиныг нам дарах”, Украин дахь мөргөлдөөнд оролцож буй гадаадын иргэдийг нам дарах болно” гэж байна.