Дэлхий дахинд
Сергей Лавровын онгоцыг хэд хэдэн орон агаарын орон зайгаараа нэвтрүүлэхгүй
Сербид айлчилж хэлэлцээр хийх гэж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын онгоцыг сербийн хөрш хэд хэдэн орон агаарын орон зайгаараа нэвтрүүлэхгүй боллоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээллээ. Сербийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бичиж байгаагаар бол Болгар, Умард Македони, Черногори улсууд оросын сайдыг агаарын орон зайгаараа нисгэхгүй гэжээ.
“Өнөөдөр, ердөө нэг цагийн өмнө Сербийн эргэн тойрны улсууд холбоо тасарч, Сербийг зорих Сергей Лавровын нислэгийг нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй гэлээ. Европын холбоо, НАТО-гийн орнууд агаарын орон зайгаа хааж, холбооны шугамаа бас хаалаа” гэж хатагтай Захарова италийн La7 телевизэд ярьсан байна.
Ноён Лавров Сербид олон улсын тавцан дахь чухал чухал асуудлуудыг ярих ёстой байсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн юм. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич “Лавровын ирэхтэй холбоотой нөхцөл байдал бүхий л талаараа ноцтой болж байна” гэжээ.